Баасанхүү.О 2019.06.07 | Vip76.mn

О.Баасанхүү: Ийм бага ирцтэйгээр хууль батлахыг эсэргүүцэж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд энэ өдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"УИХ-ын чуулган дэгээ баримтлах ёстой. Би сая үг хэлж, горимын санал гаргах гэхээр үг хэлүүлэхгүй байна. УИХ-ын дарга дэгээ баримталж ажилламаар байна. 

Хэнтийн нөхөн сонгуулийн сурталчилгаа 12-оос 18 хоног сурталчилгаа явуулаад 30 хоног дотор сонгууль зохион байгуулах боломж байна. Яагаад явуулахгүй удаад байгаа юм бэ?

Бид дэгийн хуулиараа энэ хуулийг баталлаа гэхэд хэзээнээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа юм бэ? Үндсэн хуулийг хэлэлцэж байхад өөр ямар ч хууль хэлэлцэхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ хуулиар бариад явбал 7 сарын 4 гээд чуулган хаана. Ээлжит бус чуулган зарладаггүй л юм бол. Дараа нь 10 сарын 1-ээс УИХ хуралдаад эхэллээ гэхэд Улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх хуультай. Энэ мэт хугацаа заасан хуулиуд байдаг. Эдгээрийг хэлэлцэх хугацаа байгаа юм уу?

Мөн ийм чухал хуулийг ийм ирцтэйгээр хэлэлцэж болохгүй. Дэгийн хуулиар ирцэнд ороод картаа сугалсан бол өглөөний ирцээрээ явна. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар эсэргүүцэл илэрхийлээд ирцээс албан ёсоор гарсан гэж тооцно. Тиймээс ийм ирцээр энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуулийг батлах Дэгийн хуулийг ийм бага ирцтэйгээр батлах гэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд би хуралдаанаас нэрээ татаж байна гэдгээ албан ёсоор хэлье."