2019.06.07

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа тойрогтоо баригдаж буй цэцэрлэгүүдийн барилгын ажилтай танилцлаа

УИХ-ын сонгуулийн 62 дугаар тойрог нь Сүхбаатар дүүргийн алслагдсан хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Шарга морьт, Хандгайт, Яргайт орчмын зуслангийн бүс ихтэйгээрээ онцлогтой Сонгуулийн үеэр иргэд, сонгогчид тус тойрогт тулгамдаж байгаа нэн даруй шийдвэрлэх асуудал бол “сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн хүсэлтийг ихээр тавьж байсан.

Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хороодод шинээр цэцэрлэг барих асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа улсын төсөвт суулгаж шийдвэрлэж өгсөн. Тэрээр 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, зөвлөмж өглөө.

Тус дүүргийн 16, 19, 20 дугаар хороонд тус тус 280 ортой цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд ажлын явц 20-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Аль аль нь түлхүүр гардуулах нөхцөлтэй, жишиг зургаар баригдаж буй бөгөөд барилгын зургаа экспертизээр батлуулахад хугацаа алдсан гэж гүйцэтгэгч компаниудын удирдлагууд хэлж байлаа.

Гэвч хичээлийн шинэ жилийн өмнө буюу наймдугаар сарын 26-наас өмнө ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэлээ. Дээрх гурван хороонд баригдаж буй цэцэрлэгүүд ашиглалтад орсноор ойр орчмын олон өрхийн хүүхдийн сурч, хүмүүжих таатай орчин бүрдэх юм.