Ё.Баатарбилэг: Нийгэмд багш, боловсролын байгууллагад халдсан мэдээлэл гарч байгаад харамсаж байна
2019.06.10

Ё.Баатарбилэг: Нийгэмд багш, боловсролын байгууллагад халдсан мэдээлэл гарч байгаад харамсаж байна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улсын хэмжээнд 43 мянга гаруй хүүхэд есдүгээр анги төгсөнө. 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсч байна.

Төгсөлт, элсэлтийн шалгалтуудаа өгөөд явж байгаа эгзэгтэй хариуцлагатай цаг үе байгаа. Нийтдээ 80 гаруй их дээд сургууль элсэлт авна. Элсэлтийн журам, заавар, зөвлөгөө, тушаал, шийдвэр яамнаас гарсан байгаа.

Энэ цаг үед сургууль анги, засварын мөнгө нэхэж маш олон багш нар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Үүнд залруулах хийх хэрэгтэй байх. Тийм зүйл байхгүй. Манай яам АТГ-тай авлигын эсрэг хамтарч ажиллаж байгаа. Нийгэмд багшийн, боловсролын байгууллагад халдсан мэдээлэл гарч байгаад харамсч байна.

Одоо эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Хүүхдийн хүчирхийлэл ямар орчинд үйлдэгдэж байна гэхээр гэр бүл, ахуйн орчинд, олон нийтийн орчинд, зам тээврийн осол зэрэгт хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Эцэг, эхийн хараа хяналт сулаас болж ийм асуудлууд маш их гарч байна.

Оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагаас авсан судалгаагаар 680 хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал гарсан байна. 660 нь сургалтын бус орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой.

Ирэх есдүгээр сарын 1-нээс сургууль, эцэг эх, багш гурав гурвалсан гэрээ байгуулна. Хувийн сургуулиуд бол гэрээ байгуулдаг. Гэрээнд сургууль, эцэг эх, багшийн үүрэг тодорхой байдаг. Харин өнөөдрийн нөхцөл байдалд сургуулийн үүрэг, эцэг эх, багшийн үүрэг тодорхой бус байна. Эцэг эхчүүд эцэг эхийн хуралд ирдэггүй. Тэгээд байж байгаад гэнэт багшийг ирээд загнадаг, эцэг эх нь хүүхдийнхээ сурах нөхцөлийг хангаж өгдөггүй, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй, хичээлийн бус цагаар юу хийж явааг нь мэддэггүй зэргээс бол маш олон мянган хүүхдийн эрх зөрчигдөж байна" гэлээ.