Ж.Ганбаатар 2019.06.10 | Монголын мэдээ сонин

Ж.Ганбаатар: ЖДҮХС-гийн зээлийг 1-3 хувийн хүүтэй олгож болно

Ж.Ганбаатар: ЖДҮХС-гийн зээлийг 1-3 хувийн хүүтэй олгож болно

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав. Тус хуулийн шинэчилсэн найруулгад үйлдвэр эрхлэгчдийг бичил, жижиг, дунд гэж ангилах заалт орж байгаа аж. Аж ахуйн нэгжийн ангиллаас хамааран 300 саяас 2.5 хүртэлх тэрбум төгрөгийн зээлийг олгох юм. Уг хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа. 


 

-Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гийн зээлд гар дүрэхгүй байх зохицуулалтыг хуульд хэрхэн тусгасан бэ?

-Хуулийг өргөн барьснаас хойш хоёр жил  орчмын дараа баталлаа. Энэ хуулийн гол зорилго зээл олгох биш гэдгийг онцолж хэлмээр байна. Хамгийн гол нь иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг дээшлүүлэх юм. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна дөнгөж сургуулиа төгссөн юм уу гаднаас ирээд бизнес эрхэлье гэж байгаа иргэдэд тулгарч байгаа хүндрэлүүдийг арилгахын тулд төрийн зүгээс өгөх дэмжлэгүүдийг тодорхой болгох, дунд шатанд аваачихад л хуулийн гол зорилго оршиж байгаа. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авдаг асуудлыг хуулиар хорьж болохгүй. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарын гишүүд Ёс зүйн хууль гэдгийг санаачилж байгаа юм билээ. Энэ хуулийн дагуу бол төрийн өндөр албан тушаалтнууд тендер, зээл зэрэгт хамрагдаж болохгүй юм билээ.

-Зээлийг банкаар болон сангаар дамжуулж олгох талаар ярьж байна. Хэд хүртэлх төгрөгийн зээлийг сангаар дамжуулж олгох юм бол?

-300 хүртэлх сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаар дамжуулж олгоно. Харин 300 сая төгрөгөөс дээш бол банкаар дамжуулж олгоно гэж хуульчилсан. Яагаад бүгдийг нь сангаар дамжуулж олгож болохгүй вэ гэхээр сангаар дамжуулж байгаа зээлийг төрийн алба хаагчид шалгаруулж байгаа учраас хөндлөнгийн нөлөө орчих вий гэсэн үүднээс ийнхүү тусгасан. Хөндлөнгийн нөлөөллөөс сэргийлэхийн тулд зөвлөл байгуулаад, тухайн зөвлөл шилэн маягаар шалгаруулалтаа хийх юм. Сангаар олгож байгаа зорилго нь 300 сая төгрөгөөс доош хэмжээтэй зээл хүсэгчид буюу бичил бизнес эрхлэгчид барьцаа хөрөнгөгүй, бизнесийн туршлага байхгүй учраас заавал сангаасаа олгодог байх ёстой гэж үзэж байгаа. Зээлийн хүүгийн хувьд төр үнэхээр дэмжиж байгаа бол нэг хувийн хүүтэй олгох боломжтой. Тэгэхээр сангаас явж байгаа зээлийг 1-3 хувийн хүүтэй олгоно гэсэн үг. Харин банкаар дамжиж байгаа зээл заавал найман хувьтай байх албагүй. 4-5 хувийн хүүтэй байх хэлцлийг хийх агентлаг байгуулна. Тухайн агентлаг 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс бүх орон нутагт хүрч ажилладаг байх ёстой. Энэ тохиолдолд банкаар дамжиж байгаа зээлийг 4-5 хувьтай болгох талаар банкуудтай маш сайн зохицож ажиллах ёстой юм. 

-Зээл зохих ёсны эзэддээ очиж байна уу гэдгийг хянах асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ? 

-Энэ хуулийн гол зорилго зээл биш гэдгийг дахин хэлье. Зээл олголтод хяналт тавих хамгийн сайн систем болох агентлаг нь Ерөнхий сайдын дэргэд харьяалагдана. Зээл олгох журмыг Засгийн газрын гишүүн биш Ерөнхий сайд батална гэж байгаа. Тиймээс зээл хэнд очих, хаана хэрхэн шалгаруулах, хэрхэн хянахыг журмаар батална. Журмыг Засгийн газрын сайд баталдаг байсан бол Ерөнхий сайд буюу Засгийн газрын хуралдаанаар батална гэсэн үг. Ингэснээр хяналт сайжирч, зээл жинхэнэ эзэндээ очих юм. Алдаанаасаа туршлагажиж, цаашид үүнийг засаж залруулаад явах ёстой. 

-Зээлийн дээд хязгаар гэж бий юу?

-Зээлийн хамгийн дээд хязгаарыг 2.5 тэрбум төгрөг байхаар хуульчилсан. Гэхдээ 2.5 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн банкаар дамжуулж олгоно. Банкны шалгуурыг хангасан байгууллага 2.5 хүртэлх тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. 

-Зээлийн хүүг одоогоор нарийн тогтоогоогүй гэж ойлгож болох уу?

-Монгол банк юм уу төсвөөс тавигдаж байгаа мөнгийг бид 1-2 хувийн хүүтэй олгох бүрэн боломжтой. Агентлаг байгуулаад ажиллавал сангаар дамжиж байгаа зээлийн хүүг 1-3 хувь болгох боломжтой гэж харж байгаа. Харин банкаар дамжих зээл найман хувийн хүүтэй гэсэн ойлголт иргэдийн толгойд суучихсан байгаа. Банкаар дамжиж л байгаа бол найман хувь гэж ойлгоод байдаг. Тийм зүйл байхгүй. Ипотекийн зээлийн дундаас “Мик” гэж компани хоёр хувийг нь авдаг болохоор найман хувийн хүүтэй болчихдог юм билээ. Тэгэхээр банкаар дамжиж байгаа зээл болгон найман хувийн хүүтэй гэж ойлгож болохгүй. Банкаар дамжиж байгаа зээлийн хүүг банктайгаа яриад 4.2-5 болгох боломжтой. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийг хоёр жил орчим хэлэлцэх хугацаанд иргэд ийм зээл байдаг юм байна, бизнес эрхлэвэл төр ингэж дэмжих юм байна гэдгийг ойлгож авсан байх. 

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих үү?

-Тийм ээ. Ер нь бол энгийн журмаар явна гэсэн үг. Гэхдээ агентлаг төсвөөр ордог учраас 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлнэ. 

-Агентлаг байгуулах асуудлыг хуульд тусгасан уу?

-Тийм ээ. Агентлаг байгуулна гэдгийг хуульчилсан байгаа.