“Улаанчулуут”-ын хүүхдүүд боловсрол эзэмшиж байна
2019.06.11

“Улаанчулуут”-ын хүүхдүүд боловсрол эзэмшиж байна

Монголын мэдээ сонин,   Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)

“Их нарангийн дэнж” буюу бидний хэлж заншсанаар “Улаанчулуут”-ын хогийн цэгт нийслэлийн есөн дүүргийн хогийг шууд авчирч “булшилдаг”. Энэ хавиар тоос бужигнуулсан хогийн машин хэдэн арваараа холхиж,  хог хаягдлыг тонн, тонноор нь устгалд оруулдаг юм.

Хүнсний бүтээгдүүн, ус ундааны савнаас эхлээд хэрэглэсэн ариун цэврийн  хэрэглэл, үмхийрсэн арьс шир, ашиглалтаас гарсан гутал хувцас гээд хүмүүсийн хаясан зүйлүүд хаа сайгүй хөглөрч байлаа. Тэнд ноход сэг зэм зулгааж өөрт хэрэгтэй гэсэн зүйлээр ходоодоо “борлуулж” байв.Ноходтой зэрэгцэн хог цуглуулан, ялгах хүүхдүүд, хөгшид, залуус ажиллаж байсан нь газар доороо асар их баялагтай Монгол улсын эмгэнэл гэлтэй. “Улаанчулуут”-ын хогийн цэгт  өнөөдөр 300 орчим хүн, 50 гаруй хүүхэд ажиллаж, амжиргаагаа залгуулдаг аж. 

Засгийн газраас 2019 оныг “Хүүхэд хамгаалал хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд хогийн цэгт хог түүж амьдарч буй иргэд, хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцахаар ХНХ-ын сайд С.Чинзориг болон бусад албаны хүмүүс өчигдөр ажиллав.

Хүүхэд хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгө, санхүүжилтийг улсаас олгосон. Энэ мөнгийг хог түүж амьдарч байгаа хүүхдийг анхаарахад зарцуулах,  хандлагыг өөрчлөх боломжтой эсэхтэй газар дээр нь танилцах зорилготой аж. 

2000 оны эхээр “Улаан­чулуут”-ын хогийн цэгт 1000 гаруй том хүн, 200 орчим хүүхэд байсан гэдэг.

Хогийн машин ирж хогоо буулгахын завдалгүй, бие биенээсээ өрсөн хүмүүс том жижиг гэлтгүй хог руу мацдаг байжээ. Үүнээс болж олон хүүхэд энддэг тухай ч дуулдаж байв. Хогийн цэгт хоноглож, хоорондоо сууж, “үе дамжин”  амьдарсан гэх нь ч бий. Өнөөдөр энэ тоо цөөрсөн ч хог нь хөглөрсөн,  үнэр танар хамар сэтлэм орчинд хүүхэд, хөгшид ажиллах нь хэвээрээ. Сонгинохайрхан дүүргээс насанд хүрэгчдэд нь ажлын байр санал болгодог ч, өдөрт олсон хогоо тушааснаар том хүн дунджаар 30 мянга, хүүхэд 20 мянган төгрөг олдог аж. Тиймээс байнгын ажлын байранд орох сонирхолгүй байдаг гэлээ. Хүүхдүүд ихэвчлэн ундаа, усны хуванцар сав түүж килограммыг нь 300 төгрөгөөр худалддаг. Худалдаж авдаг хүмүүс орой эсвэл өглөө нь машинтай ирж авдаг аж. Дүүргийн зарим албаны хүмүүс “Улаанчулуут”-ын хогийн цэгт хүн амьдрахаа больсон гэж хэлж байгаа ч, мэр сэр амьдардаг  гэдгийг танд ажилладаг зарим нь хэлж байлаа. 

ТББ-ын байранд улсын ажил явдаг

Энд  дунджаар 15 жилийн турш  хог түүж амьдарсан олон иргэн байдаг бөгөөд тал нь малаа зуданд алдсан, тодорхой ажилгүй хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэд байлаа.  Насанд хүрэгчдэд нь ажил олдоггүй учир хог түүж мөнгө олдог. Бараг энэ амьдралдаа дасчихсан гэхэд хилсдэхгүй эдгээр иргэд хүүхдүүдээ багаас нь хог түүдэг амьдрал руу хөтөлжээ.  

Тус газар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд харьяалагддаг бөгөөд  “Улаанчулуут”-ын хогийн цэгт ажилладаг айлын хүүхдүүдийг нийгэмшүүлэх, багаас нь боловсрол олгох, зөв дадалд сургахын тулд анхаарал  хандуулсаар байгаа.

Нийт  198 хүүхдийг дүүргийнхээ Ерөнхий боловсролын 76, 65, 12 дугаар сургуулиудад хуваарилж сургадаг байна. Тэднийг бүрэн сургуультай болгохын тулд  2019-2020 онд нэг сургууль, хоёр цэцэрлэгтэй болгохоор газраа авчээ.  Улмаар сургууль цэцэрлэгийн барилгыг улсын  төсвөөр барихаар төлөвлөсөн юм байна.  Одоогоор гадны санхүүжилтээр хоёр ч цэцэрлэг хүүхэд хүлээн авч байгаа юм. 

Дээрх ЕБС-иас гадна “Холт” олон улсын байгууллагын санхүүжилтээр, “Харилцааны хөгжил” ТББ-ын байрыг түшиглэн “Албан бус насан туршийн боловсролын төв”-д 50 гаруй хүүхдийг сургаж байна. Хүүхдүүд нь сурах эрмэлзлэлтэй байсан  ч,  зарим эцэг, эхчүүд нь сургуульд явуулах сонирхолгүй байдаг.  Харин зарим хэсэг нь хүүхдээ өөр шигээ хүн болгохгүйн тулд  хичээл, сургуульд хамруулдаг аж. Тус төвөөс аливаа баяр ёслолд зориулсан үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг  аль болох оролцуулдаг болсон учир, өөр ойлголттой болсон тухай тус төвийн захирал  А.Баасандорж хэлж байлаа.  

Зөвхөн боловсрол олгоод зогсохгүй хөгжүүлэх ажлыг хийж эхэлжээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн ““Албан бус насан туршийн боловсролын төв”-д хэрэгцээтэй санхүүгээр дэм­жээд өгвөл илүү их сурах боломжтой. ЕБС-ийн сургуулиудыг түшиглэж анги нээх сайдын тушаалтай байдаг. Гэхдээ “Холт” олон улсын байгууллага, “Харилцааны хөгжил” ТББ-ын байрыг түшиглэж гурван бүлэг хичээллэж байна. Ирэх жил 4-5 бүлэг нээхээр ажиллаж байна” гэдгийг С.Чинзориг сайдад уламжиллаа.

“Холт” олон улсын байгууллагаас “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүд  хоол идэхийн тулд хичээлдээ идэвхитэй ирдэг болжээ. Өмнө нь зөвхөн эцэг эхээс шалтгаалдаг байснаас гадна, дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл байхгүй, хүүхдүүд муухай үнэр  үнэртэж байна гэж шоолдог учир явах дургүй байсан аж. “Албан бус насан туршийн боловсролын төв”-д сургуульд хамруулдаг болсноор нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хамгийн гол нь хогийн цэг дээр ажиллаж байгаа эцэг, эхчүүд, хүүхдүүдийн хандлагыг өөрчлөх, орон байрны асуудлыг шийдэх нь гол асуудал болжээ. 

“Албан бус насан туршийн боловсролын төв”-д хүүхдийн хамгаалах байрыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Хүүхдүүдийн эцэг, эхчүүд дунд архины хамааралтай маш олон хүн байдаг. Ээж аав нь гэрээсээ хөөх, хоол ундгүйн улмаас хохирч байгаа учраас стандартын дагуу шийдсэн байна. Зарим төсөв нь батлагдаагүй учир хараахан ашиглалтад  ороогүй. 

Зорилтод бүлгийн эдгээр хүүхдүүд сурах бичгийн үйлчилгээ авахаас гадна, эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагатай байдаг. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй учир хүүхэд хамгааллын сангаас шууд хөрөнгө мөнгө гаргаж болдоггүй. “Албан бус насан туршийн боловсролын төв” заавал БСШУСЯ-аас тусгай санхүүжилтээр хөрөнгө шийддэг босоо удирдлагатай аж. Хичээлийг ЕБС-ийн сургалтын стандартын дагуу заадаг учир хоцрогдол багассан гэдгийг тус төвийн багш нар хэлж байлаа. 

“Албан бус насан туршийн боловсролын төв”-ийн гуравдугаар ангийн сурагч н.Баяндалайгаас зарим асуултад хариулт авлаа.

-Хэдэн настай вэ. Дүүтэйгээ хамт сурдаг юм уу?

-Дүү бид хоёр хамт сурдаг, би одоо 14  настай. Намайг жоохон байхад манай гэр бүл Зүүн хараа хотоос энд ирсэн.

-Сургуульд сурахад юу нь гоё байна вэ?

-Уншиж бичих, тоо бодох гоё. Бүх хичээлдээ дуртай. Ном эрдэмдээ маш их хичээнэ гэж бодож байна. 

-Ирээдүйд ямар хүн болно гэж мөрөөддөг вэ?

-Том болоод хүмүүст амттай хоол хийж өгдөг алдартай тогооч болно. 

...Харин сургуульд сурдаггүй, хог түүдэг  13 настай Б-ээс асуухад “Ээж маань хөдөө амьдардаг, одоогоор аав ахтайгаа амьдардаг. Аав хааяа ирж хог түүдэг,  би өөрийнхөө сонирхлоор ирдэг юм. Миний үеийн 6-7 хүүхэд хамт хуванцар сав тушаагаад, өдөрт 10-30 мянган төгрөг олдог. Олсон мөнгөөрөө өөртөө хувцас авдаг, гэртээ хоолны мөнгө өгдөг. Сургууль амраад хүүхдүүд  зөндөө нэмэгдсэн. Би өөрөө сургуульд сурах сонирхолгүй. Хүүхдийн мөнгө хадгаламж руу ордог. Удахгүй ээж рүүгээ явна”  гэлээ.

Бичиг баримтгүй учраас эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэрх

Олон хүүхэд анх сургуульд ирэхдээ бичиг баримтгүй ирдэг. Харин суралцах явцад төрийн байгууллагатай хамтран бичиг баримтжуулах ажлыг хийдэг тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч  Д.Ундармаа  ярьж байлаа. Зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй, хогийн цэгт ажилладаг хүмүүс бүртгэлтэй хэрнээ бичиг баримтгүй байгаа юм.

“Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ойр ойрхон  иргэдийг бичиг баримтжуулах ажил зохион байгуулдаг. Саяхан л гэхэд Дүүргийн иргэдийн хурлын тэргүүлэгчид зорилтод бүлгийн 149 иргэнийг бичиг баримтжуулах ажлыг хийхээр болсон. Эдгээр иргэд бичиг баримт авч байсан учир,  хорооны Засаг даргадаа хандаад дахин авах боломжтой. Зорилтод бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй бичиг баримт олгоно” хэмээн тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга н.Булгантамир хэллээ. Зарим иргэд орон нутгийн хаягтай учир үйлчилгээ авахад асуудал гардаг аж. 

Улаанчулуутын хогийн цэгт ажилладаг хүмүүс “Харилцааны хөгжил” ТББ-ын тэргүүн А.Баасандоржид их элэгтэй юм билээ.  Тэдэнд хэрэгтэй шаардлагатай зүйлийг хөөцөлдөж өгдөг, бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг аж.  “Энэ олон хүнийг өөрөөсөө боломжгүй бол, өрөөлөөс гуйж тэжээдэг хэмээн” энд ажилладаг  65  настай Б.Жараа эмээ ярьж байлаа. Түүний хувьд гууль зэс цуглуулж тушаагаад ач зээ нараа тэжээдэг. Тэрбээр ярихдаа, “Өглөө эхний автобусаар ирээд, орой 21-22 цаг хүртэл зэс гуулиа цуглуулдаг. Ядарлаа гээд яах билээ,  амьдрал ийм хойно.  Хөгшин бид яах вэ, эзэмшсэн мэргэжилтэй олон мундаг залуус энд байна.  Тэдний хувьд ямар ч бичиг баримтгүй учир ийм амьдралаар амьдарч байна. Цааш нь уламжилж өгөөч гэж хүсмээр байна” гэлээ. “Харилцааны хөгжил” ТББ-ыг анх үүсгэн байгуулсан А.Баасандорж  хүүхэд байхдаа хог түүж амьдралаа залгуулж байсан учраас,  эдгээр иргэдэд чадах чинээгээрээ тусалдаг гэлээ. 

“Улаанчулуут”-ын хогийн цэгт ажилласан ХНХЯ-ны сайд С.Чинзориг хэлэхдээ,

“Манай улс хүүхдийн хүнд хөдөлмөрийг хориглосон хуультай. Энэ амьдралыг бид хараад  өнгөрөх бус, цаашид  хэрхэн өөрчлөх гарцыг  олох чиглэлээр ажиллаж байна. Эдгээр иргэдэд тулгамдсан гол асуудал нь нэгдүгээрт, бичиг баримт олгож эрүүл мэндийн  үйлчилгээг үзүүлэх шаардлага байна. Хоёрдугаарт, эцэг, эхээ дагаад хогийн цэгт ирдэг хүүхдүүдийг өөр хандлагатай болгох хэрэгтэй. Эцэг эх нь ажилгүй учир энд дагаж ирж байна шүү дээ.Эдгээр асуудлыг нэн түрүүнд шийдэх хэрэгтэй гэж харлаа. Шууд энэ амьдралаас нь салгаж ажлын байранд оруулах боломжгүй учир, тусгай хөтөлбөр боловсруулж, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, чиг хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй. Бусад яамдуудтай хамтран хог боловсруулах томоохон үйлдвэр байгуулах шаардлагатайг ч харлаа” гэдгийг гэлээ.

Ажлын хэсгийнхэн үргэжлүүлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн нөхцөл­тэй танилцсан  юм.