Төв аймгийн "Хүмүүн" цогцолборт их засвар хийнэ
2019.06.11

Төв аймгийн "Хүмүүн" цогцолборт их засвар хийнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ням гарагт Төв аймагт ажиллав.

Салбарынхантайгаа уулзаж бодлого, зорилтоо танилцуулахаас гадна цаг үеийн чанартай тулгамдсан асуултуудад хариулт өглөө. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн засварт багахан мөнгө хураасны төлөө багш, захирлуудыг Авлигатай Тэмцэх Газарт өгч байгаад эмзэглэж, түгшсэн багшийн асуултад сайд хариулахдаа "Төрөөс жил бүр нэг хүүхдэд дунджаар 1.4 сая төгрөг зарцуулж байгаа. Гэтэл хүүхдийнхээ сурч хүмүүжих орчныг аятай тухтай байлгахын төлөө эцэг эхчүүд яагаад хандив дэм үзүүлж болдоггүй юм. Цугласан мөнгийг зориулалтын дагуу л зарцуулсан бол хууль зөрчих зүйл байхгүй" гэлээ.

Уулзалтын дараа "Унагалдайн андууд" цэцэрлэг, "Хүмүүн" цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, хөрөнгө оруулалтын зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Төв аймгийн хувьд хамгийн том буюу Зуунмод хотоос гадна найман сумын сурагчид хамрагдан суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшдэг "Хүмүүн" цогцолбор сургууль 1986 онд баригдсан боловч энэ хугацаанд томоохон их засвар хийгдээгүй байна. Барилгын дээвэр, хана, цонх хуучирч, дулаан алдагдалтай болсноос өвөлдөө хүйтэн, бусад улиралд цас, борооны дусаалтай байж иржээ. Тиймээс тус сургуулийн барилгын их засварын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах шийдвэрийг салбарын сайд гаргалаа.