Нямдорж.Ц 2019.06.11 | Vip76.mn

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019,06,11/ хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, БНСВУ-ын гэрээний төслийг  ХЗДХ-н сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Тэрбээр 2018 онд тус Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Улсын Их Хурал, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн хэд, хэдэн гэрээ байгуулснаа дурдав. Энэ үеэр Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг байгуулахаар тохиролцсон гэлээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг. Дээрх гэрээ нь 22 зүйлтэй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд дурдав. Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 3 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг энэ үеэр танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.