Ц.Гарамжав: Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна
2019.06.12

Ц.Гарамжав: Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн хууль баталлаа-

УИХ-аас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлаад байгаа. Уг хуульд ил болон далд үйлдэгддэг бүхий л гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасан бөгөөд хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үүрэг өгөхөөс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зохицуулалт хийсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-УИХ-аас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталлаа. Та хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласаны хувьд энэ хуулийн ач холбогдлыг тайлбарлана уу?

-УИХ өнгөрсөн долоо хоногт Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Энэ бол цаг үеийн шаардлагаар гарсан хууль. С.Бямбацогт, О.Батнасан нарын 11 гишүүн санаачилсан. Миний бие ажлын хэсгийг ахалж гурван сар орчим ажиллалаа. Зарчмын зөрүүтэй 100 гаруй санал гарч, нэлээн олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Монгол Улс 1997 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш цаг үеийн болон гэмт хэргийн нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Өмнө нь байгаагүй гэмт хэргүүд ч нэмэгдсэн. Иргэд хууль тогтоомжийг мэдэхгүйгээсээ болж аливаа зөрчилд холбогдож байна. Мөн хууль зүйн бодлогын уялдаа холбоо алдагдсанаас нийгэмд гэмт хэрэг, зөрчил ихсэх хандлагатай болсон. Үүнээс үүдэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гарлаа.

-Хуульд гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэрхийлэхээр тусгасан бэ?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг таван чиглэлээр хийхээр заасан байгаа. Хамгийн гол нь соён гэгээрүүлэх чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллана. Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлийн талаарх хууль зүйн мэдлэгийг багаас нь энгийнээр олгуулах хүрээнд амьдралын зөв дадал зуршлыг төлөвшүүлэх ажлыг ахмад үеийн туршлагатай боловсон хүчний дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм. Энэ хүрээнд бүх салбарын хүмүүс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох боломжийг өргөнөөр нээж өгсөн. Тэтгэвэрт гарсан багш цэцэрлэгийн хүүхдүүдэд монгол хүний уламжлалт хүндлэх, хүндлүүлэх ёсыг зааж болно. Хүнтэй зөв харьцахаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эхэлнэ шүү дээ. Мөн хүүхдийн сэтгэл зүйн орчинд таарсан сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэнэ. Өнөөдөр Монгол Улсад зөрчлийг хянан шийдвэрлэдэг хилийн, гаалийн, татварын, банк санхүүгийн, хүүхдийн хүчирхийллийн гээд 33 төрийн байгууллага байна. Энэ бүх байгууллага байсаар байхад яагаад гэмт хэрэг, зөрчил ихсээд байна гэхээр хэрэгт холбогдох, холбогдохгүйн учир шалтгаанаа мэдэхгүй хүмүүс олон байгаатай холбоотой. Мэдсэн ч яах учраа олохгүй иргэд олон бий. Тэгвэл нийгэмтэй харилцаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах ажилтнаа сургах юм. Цагдаагийн байгууллага гэхэд хүүхдийн, архины, хар тамхины гээд олон байцаагчтай. Хүн худалдаалахын эсрэг тэмцэж байгаа байцаагч олон улсын түвшинд ажиллах чадваргүй байж болно. Тэгвэл тэр хүнээ олон улсын түвшинд ажиллахад чиглэсэн сургалт явуулах юм. Ингэж хэрэг зөрчлийн чиглэл бүр дээр уйгагүй сургалт явуулна. Хүний амьдралын үйл явц өрнөж байгаа газар гэмт хэрэг, зөрчил гардаг. Харин урьдчилан сэргийлэх замаар нийгмээрээ идэвхтэй оролцсоноор гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэж чадна. Энэ хуульд миний баярлаад байгаа зүйл нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, иргэдийн холбоод, хуулийн этгээд, хуулийн холбоод оролцох боломжтой. Ийм боломж өмнө нь байгаагүй.

-Иргэдийн сайн дурын үндсэн дээр хэрэгжих энэ ажлыг төрийн ямар байгууллага хариуцаж ажиллах вэ?

-Хамгийн дээд байгууллага нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөл байна. Одоогоор Ц.Нямдорж сайд ахална гэсэн үг. Зохицуулах зөвлөлийн доор аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдөөс бүрдсэн салбар зөвлөлүүд ажиллана. Шаардлагатай бол тусгайлсан гэмт хэрэгт дэд зөвлөл байгуулж болно. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт биеэ үнэлэлт, архидалт их байдаг. Энэ мэт онцгой хэргүүдэд дэд зөвлөл байгуулна. Төв аймгийн нэг суманд мал хулгайлах гэмт хэрэг их байлаа гэж бодоход үүний эсрэг дэд зөвлөл байгуулна.

-Аливаа ажлыг хэрэгжүүлэхэд төсөв санхүү хэрэгтэй. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

-Мэдээж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төсөв санхүү хэрэгтэй. Манайд Зөрчлийн хуулиар их хэмжээний торгууль ногдуулдаг. 1997 оны хуулиар торгуулийн 40 хүртэлх хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зарцуулахаар заасан байсан. Амьдрал дээр энэ нь 40 хувь хүрдэггүй байв. Саяхан Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсантай холбоотойгоор нэг хүн зурагтаар ярьж байсан. Хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч гээд бүх талаас нь хамгаалах хамтын баг бий. Гэтэл яг газар дээрээ хэрэгжих гэхээр олон нийтийн ажилтан, хэсгийн байцаагч нарт бензиний мөнгө байдаггүй. Үнэндээ бид том зүйл яриад байдаг. Гэтэл амьдрал жижиг зүйлээс эхэлдэг. Учиргүй том эдийн засаг чинь үндсэндээ хуушуур, бууз хийдэг хүмүүсээс л эхэлдэг шүү дээ. Тэгэхээр наад зах нь бензинийх нь мөнгөөр хангаж байж хүүхэд хамгаалах ажил хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд улсын хэмжээнд төвлөрч байгаа торгуулийн нийт сангийн 40-өөс доошгүй хувийг төвлөрүүлэхээр заасан. 40 хувь, 60 хувь байж болно. Би 100 хувь зарцуулаасай гэж боддог. Нэгэнт ард иргэдийн халааснаас гарсан торгуулийн мөнгийг төр буцаагаад ард түмэндээ зарцуулах хэрэгтэй. Гэвч хуульд 40-өөс доошгүй хувийг гэж зааж өгсөн. 2019 онд 100 тэрбум төгрөгийн торгууль цугларлаа гэж бодоход үүний 40 тэрбум төгрөг нь урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдахаар болж байна.

-Иргэдийн оролцоог урамшуулах чиглэлээр ямар заалт байгаа вэ?

-Идэвх зүтгэлтэй ажилласан иргэдийг салбар зөвлөлөөс төрийн дээд одон медальд тодорхойлох боломжтой. Иргэд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх ажилд оролцох нь ямар чухал болохыг энэ хууль баталгаажуулсан. Тэтгэвэртээ гарсан багш гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн холбоо байгуулаад тухайн хороогоо гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн ажил хийгээд, үр дүнгээ тайлагнадаг байвал санхүүжүүлнэ, урамшуулна. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил гүйцэтгэж яваад гэмтэл бэртэл авах юм бол төр бүх зардлыг нь хариуцах заалт орсон. Тэгэхээр иргэдийг гэмт хэрэг зөрчлийн эсрэг тэмцэлд оролцооч, та бүхнийхээ эрсдэлийг төр хариуцъя гэж байгаа юм.

-Зарим иргэн үргэлж сайн дурын ажилд оролцох боломжгүй ч тухайн хэрэг зөрчлийн тухай мэдээлэл өгөх сонирхолтой байдаг шүү дээ.

-Нийт иргэдэд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх мэдээллийг өгөхийг уриалж байгаа. Мэдээллийнх нь дагуу илрүүлсэн тухайн хэргийн торгуулийн хэмжээнээс хамаараад урамшуулал олгоно. Энэ хуулиар мэдээллийг анх удаа төлбөртэй болгосон. Өөрөөр хэлбэл, Хөршийнхөө гэрт архидан согтуурсан үйлдлийг мэдээллийг өгсөн бол эсвэл зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн барилга баригдаж байгаа мэдээллийг өгсөн бол тухайн иргэн, хуулийн этгээдийг торгосон үнийн дүнгээс хамаарч урамшуулах юм.

-Олон түмний оролцоог нэмэгдүүлж төрийн байгууллагууд хамтран гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх юм байна. Гэхдээ хариуцлагын тогтолцоог хэрхэн анхаарсан бэ?

-Гэмт хэрэг зөрчилтэй тэмцдэг төрийн болон төрийн бус олон байгууллага ажлаа хийнэ. Энэ хуулиар иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болж байгаа. Иргэдийн хурлын төлөөлөгчид нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх салбар зөвлөлийн гишүүд байх юм. Тухайн Засаг дарга гэмт хэрэг зөрчилтэй тэмцэж чадахгүй байна гэдэг мэдээлэл салбар зөвлөл, зохицуулах зөвлөл, цаашлаад УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д очно. Яагаад гэвэл гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа зөвлөлүүдийн ажлын тайланг УИХ хоёр жилд нэг удаа, ҮАБЗ жилд нэг удаа авч хэлэлцэхээр заасан. Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлж ажилласан болон цаашид юунд анхаарах учиртайг УИХ, ҮАБЗ дээр анхаарал хандуулж ажиллах юм. Ийм ач холбогдолтой, өргөн хүрээтэй, иргэд, нийгэмдээ чиглэсэн хууль эрх зүйн орчинг өргөнөөр нээж өгсөн хууль гараад байна. Үндсэн зарчим нь гэмт хэрэг зөрчлийг гарахаас нь өмнө тухайн иргэнд багаас нь зааж, зөвлөж, зөв дадлыг суулгах явдал. Японд гэхэд замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг суулгахын тулд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нь дагуулаад замын гэрэл дээр зогсоогоод дахин дахин зам хөндлөн гаргадаг. Ингэснээр тухайн иргэн шөнийн 00:00 цагт зөвшөөрөгдсөн гэрэл хүлээгээд зогсдог болно. Өнөөдөр манайхаас бусад орны иргэд ингэж зогсож байгаа. Хүний багаас нь бэлтгэнэ гэсэн үг. Энэ бүхнээс харахад гэмт хэрэг, зөрчлийг хийлгэхгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн хууль гарлаа гэж харж байна. 

-Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ихээхэн үүрэгтэй байхаар харагдаж байна. Энэ чиглэлээр тодорхой заалтууд орсон уу?

-Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэдэг. Энэ үүднээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны гол хамтрагчийн нэг нь хэвлэл мэдээлэл байх юм. Мэдээж хүн бүрийг нэг хүн дагаж, лекц уншаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Ялангуяа, бие даасан, насанд хүрсэн хүн хэвлэл мэдээллээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олж авна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах замаар үүрэг гүйцэтгэнэ. Сайн ажилласан хэвлэл мэдээллийг байгууллагыг урамшуулж, дэмжинэ. Ерөнхийдөө хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэг бүлэг зохицуулалт бий. Ингэхдээ гэмт хэргийг хэт дэлгэрэнгүй, нарийн мэдээлэхийг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, янз бүрийн хэргийг нарийн детальчилж мэдээлснээр хүмүүст сэдэл өгч магадгүй гэж үзэж байгаа юм. Хар тамхийг хэрхэн татаж байгааг нарийвчилж гаргаж болохгүй гэсэн үг. Мөн шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээллэхийг хориглож байгаа.

-Шийтгэл нь хөнгөн учраас гэмт хэрэг их гарч байна гэж иргэд шүүмжилдэг. Шийтгэлийг нэмэгдүүлэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн 27 жил бид их зүйл бусниулсан. Барьсан бүх үйлдвэрээ тарааж, юу ч үгүй болгосон. Одооноос нэг чигтэй, нэг бодолтой явбал зүгээр байх. Миний бодлоор 2016 оноос сэрж байна шүү дээ. Шүүмжлэл байлгүй л яахав. Гэмт хэрэг зөрчил гэж юу вэ. Гэмт хэрэг, зөрчилгүй яаж болгох вэ. Нийгмээ хэрхэн гэмт, хэрг зөрчилгүй болгох вэ. Үүний төлөө хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг эрх зүйн орчинг нээж өгсөн. Үүнийг хэрэгжүүлээд далайцтай ажил болгоосой л гэж бодож байна.

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?

-2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.

-Цаг үеийн асуудлаар байр суурь авъя. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байна. Та энэ удаагийн өөрчлөлтийг хэр сайн болсон гэж харж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнгөрсөн долоо хоногийн чуулганы үеэр өргөн барилаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Төслийг улс төрийн намууд бүгд дэмжихээ илэрхийлсэн. Харин санал солилцох, зөвшилцөх асуудлуудад нэгдээч гэсэн. Энэ бол маш ухаалаг шийдвэр гэж үзэж байгаа. 19 жилийн өмнө Үндсэн хуульд долоон өөрчлөлт оруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болно гэсэн зохицуулалт тусгасан. Үүнээс болж Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүн байгаа. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа орж ажиллаж байна. Энэ бол том зөрчил. Үүнийг тодорхой хэмжээгээр арилгах заалт орж байгаа. Үүнээс гадна надад зөв зүйтэй санагдаж байгаа нэг зохицуулалт нь ард түмэн сонгогдох, сонгох эрхээ эдлэх боломжийг олгож өгч байгаа юм болов уу. Жишээлбэл, сум, дүүргийн Засаг даргыг ард түмэн сонгох заалт оруулж байгаа. Үндсэн хуульд гар хүрэх хэцүү л дээ. Гэхдээ нэгэнт өөрчлөх болсон цагт бид нийгэмдээ шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хангасан өөрчлөлтүүд рүү явах хэрэгтэй. Түүнээс биш аль нэг нам, хэн нэгний эрх ашгийг хангасан өөрчлөлтийг УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-д бүх салбарын төлөөлөл байх ёстой юм. Тиймээс Үндсэн хуулийн төсөлд олон ургальч үзлийг уралдуулах байх. Үүн дотроо мэдээж хэрэг зөв нь дийлдэг учир утгатай зан байна даа. Энэ удаа гишүүд учир утгатай хэлэлцэж шүүн тунгаагаад хэлэлцэх байх.

-Энэ удаагийн өөрчлөлтөөр институц хоорондын эрх мэдлийн зөрчил арилах болов уу. Уг нь эрх мэдлийн зөрчлийг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлана гэж анх Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байсан?

-Миний хувьд сонгодог парламенттай байх тогтолцоо нь зөв. Бусад улс орон ч сонгодог парламентын тогтолцоог сонгож байна. Парламент гэдэг нь олонхоороо шийдэх л зохицуулалттай. Давуу эрх нь парламентад ирнэ гэсэн үг. Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаанд өөрийнхөө шийдвэрлэх асуудлыг шийдвэрлээд л явна. Үүний цаана ийм л агуулга байна гэж харж байгаа.

-Үндсэн хуулийг ирэх баасан гарагт хэлэлцээд эхэлнэ. Хажуугаар нь өөр хуулийн төсөл хэлэлцэх боломжгүй нөхцөлд таныхаар хэлэлцэх шаардлагатай ямар хуулийн төслүүд үлдэхээр байна вэ?

-Дэгээрээ давхар өөр хуулийн төсөл хэлэлцэх боломжгүй. Гэхдээ хуулийн хугацаатай хуулийн төслийг хэлэлцэх боломжтой. Миний ажиллаж байгаа хуулийн төслүүдээс Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг нэмэх хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдож байна. Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих хуулийг баталж гаргах юмсан гэж боддог. Үйлдвэрлэгчдээ дэмжих ажил мартагджээ. Үйлдвэрлэл, аж үйлдвэрийн бодлогыг сайжруулах, баялаг бүтээгчдийг дэмжих, хүнд бэрхшээлийг бага ч болов хөнгөлөх чиглэлд ажиллах юмсан гэсэн зорилго байна. УИХ-ын дарга зөвшөөрсөн. Ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. Хуулийн төсөл боловсруулж байгаа.

Саяхан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдлаа. Энэ хууль маш сайн болсон гэж бодож байна. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрийнхний бодлого тодорхой болсон. Өмнө нь бодлого нь тодорхойгүй, сангийн зээлийг эздэд нь хүргээгүйгээс асуудал үүссэн. Хөдөө аж ахуйн сайд нь нэг төсөлд 5-9 удаа зээл өгсөн асуудал ч байсан.

-Улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулсан байна. Нэг тойргоор сонгууль явуулах нь манай улсад хэр тохиромжтой хувилбар вэ?

-Улс нэг тойрог гэдэг бол зөвхөн нэг хувилбар нь. 76 жижиг тойрог болох, бүсчилсэн тойргоор явуулах уу зэргээр сонголтууд бий. Үүнийг УИХ-ын гишүүд хэлэлцэж, шийдвэрлэнэ. Миний бодлоор нэг тойргоор сонгууль явуулах нь тохиромжтой бус санагдаад байна. Нэг тойрогтой болбол юу ч хийдэггүй мөртлөө худлаа популизм хийж олонд танигдсан хүн нь сонгогдоно шүү дээ. Мөн 76 жижиг тойрог болохоор төсвийн хуваарилалт нь олон тойрогт зарцуулагдаж, дорвитой том ажилд хүрэлцэхгүй байгаа юм. Тэгэхээр жижиг тойрог хэрэггүй байх. Харин бүсчилсэн тойрогт хуваарилах нь зөв гэж хараад байгаа юм. Гэхдээ зөвхөн миний саналыг харгалзахгүй.