Нармандах.М 2019.06.11 | Vip76.mn

Махны холбооныхон малыг амьдаар нь гаргахыг эсэргүүцэж байна

Махны холбооныхон малыг амьдаар нь гаргахыг эсэргүүцэж байна

Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны удирдлагууд  хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар өнөөдөр /2019.06.11/ мэдээлэл хийлээ.

Монгол УИХ-ын 2015 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт “Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг уламжлалт болон дэвшилтэт технологоор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах” гэсэн нийтлэг заалт бий.

  • Мөн “малын генетик нөөцийн бүртгэл, төлөв байдлын үнэлгээ, ашиглалт, хамгаалалтын тогтоцоог боловсронгуй болгох” гэсэн заалт,
    Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, махны чиглэлээр эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх,
  • Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн бага ашиглалттай байгаа нөөц болох дотор мах, дайвар бүтээгдэхүүн, хонь, ямаа, ингэний сүү боловсруулалтыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн заалтууд бий.

Тэгвэл, МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, мах, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэглээг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор Мах, сүүний анхдугаар аяныг улс орон даяар өрнүүлэхээр шийдвэрлэж, үндсэн 5 зорилтын хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Аян хэрэгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;
  • Мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах;
  • Мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
  • Мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх;
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих гэх мэтчилэн заасан байгаа.

Гэтэл эдгээр төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг гардан хэрэгжүүлэгч ХХААХҮСайд нь өөрөө энэхүү бодлогын баримт бичгүүдийн зорилт, заалтуудын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж, 5,0-6,0 мянган толгой бог малыг амьдаар нь экспортлох гэж байгаад Монголын Хүнсчдийн холбоо, манай холбооны гишүүн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд гайхширч, эсэргүүцэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 12 сая орчим толгой мал буюу нядалгааны жингээр тооцвол 400 мянган тн орчим махыг хөдөө аж ахуйгаас бэлтгэж байна. 600 000 тол бог мал нь 15.0 мян.тн мах болно. Тэгвэл УБ хот, Дархан, Эрдэнэт хотын өвөл, хаврын улирлын хүн амын хэрэгцээнд нийт 14,0 мян.тн махыг жил бүр нөөцлөн хөнгөлттэй үнээр худалдаалдаг байсан бол энэ жил нөөцийн махыг 4,0 мянгахан тн нөөцлөж, Махны үнийн хөөрөгдөл үүсгээд байна. Энэ нь инфляцид нөлөөлж байгаа.