Аюурсайхан.Т 2019.06.12 | Vip76.mn

Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтлоо

Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтлоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөрийн /2019.06.12/ хуралдаан эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус Байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн. Иймээс Засгийн газар 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоол гаргаж, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Энэ үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу ‘Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг шинэчлэн баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгүүлжээ. Мөн дээрх чиглэлийн дагуу "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг томилсон байна.

Тиймээс Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан шийдвэртэй холбогдуулан Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын          Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг тус тус хүчингүй болгох шаардлагатай болсон байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгээс  асуулт асуусан юм.

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасдаж барьцаалсан зүйл огт байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж Жаст ХХК зээл авсан. Тэр үед үйлдвэрийн удирдлагаар ажиллаж байсан хүмүүс баталгаа гаргаагүй, гарын үсэг дуурайлгасан гэдэг асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ч гэсэн олон улсын арбитрын шүүх Эрдэнэт үйлдвэрийг 51 сая америк долларыг төлөх ёстой. 115 сая америк доллар болсныг хэлэлцээ хийж ажилласны үндсэн дээр 40 сая америк доллараар хаасан. Энэ мөнгийг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажиллаж байна” гэв.