Бат-Эрдэнэ.Б 2019.06.12 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: "Эрдэнэт үйлдвэр" ХХК 40 сая ам.доллароо алдчихсан уу? хариулт өгөөч

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан 10 цаг  28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж,  таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл- ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус Байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа эдгээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбогдуулан Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын          Засгийн газар, ОХУ-ын  Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг тус тус хүчингүй болгох шаардлагатай болсон байна.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн гишүүний асуултад өгсөн хариултдаа, сүүлийн үед хэвлэл мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал өндөр үнэтэй байр авсан гэсэн асуудал гарч байгаа нь ор үндэсгүй зүйл, би үйлдвэрийн ажилчдын орон сууцанд амьдардаг, цалин хөлсний хувьд . Урьд нь тус үйлдвэрийн захирлууд нууцлалын журмаар гэрээ контрактын дагуу нэмэгдэл урамшуулал авдаг, үйлдвэрийн ашиг, үр дүнтэй холбоотойгоор Улаанбаатар болон Москва хотод 4-5 өрөө орон сууц олгодог явдал байсан юм билээ.

Энэ оны гуравдугаар сараас “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгож бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Оны эхний таван сарын байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-гаас дээш хувиар биелж, улсын болон орон нутгийн төсөвт 380 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлын тухайд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан, тэр дундаа 51 хувийг тасалж барьцаалсан асуудал огт байхгүй.

Энэ нь эрх зүйн хувьд ч боломжгүй асуудал. Харин Стандарт банкнаас Жаст групп зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулсан гэх асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа. Үйлдвэрт учирч болзошгүй эрсдэлийг арилгах, өдөр бүр өсөж байсан зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах зайлшгүй шаардлагын үүднээс 2013 оноос хойш яригдаж ирсэн зээлийн төлбөрийн асуудлыг талуудын удаа дараагийн яриа хэлэлцээний үр дүнд эцэслэн шийдэж, 40 сая ам.долларыг төлсөн. Одоо зээлийн төлбөрт төлсөн энэ мөнгийг буруутай этгээдүүдээс гаргуулж үйлдвэрийг хохиролгүй болгохор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Гишүүний гаргасан горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжиж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.