Х.Нямбаатар 2019.06.12 | Vip76.mn

“Монголросцветмет” ойрын 3 жил хагаст бүрэн өргүй болно гэв

“Монголросцветмет” ойрын 3 жил хагаст бүрэн өргүй болно гэв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаанаар Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүний гаргасан горимын саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, О.Содбилэг, О.Баасанхүү, Х.Нямбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Х.Нямбаатар: "Эрдэнэт үйлдвэр" ХХК-г цаашид хэрхэн вэ? 100 хувь төрийн мэдэлд байлгах юмуу? эсвэл Хөрөнгий биржээ ажилтай болгоод Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьцааг нээлттэй худалдаалах уу?

Гишүүдийн асуултад хариулт өгсөн “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт боловсон хүчний болон бараа таваарын шахаас хийдэг, өмч хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг явдлыг цэгцлэх ажлыг үе шаттай, системтэй хийж буйгаа дурдаад ордоос гарсан овоолгыг хувийн компанид ашиглуулж байгаа, мөн үйлдвэрээс 65 тэрбум гаргаж барьсан орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлгийг Япон-Монголын хамтарсан хувийн компанид шилжүүлж, зарцуулсан мөнгөө 18 жилийн хугацаанд эргүүлж авахаар гэрээ хийсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тодорхой саналаа удахгүй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хуралд оруулж шийдүүлнэ гэдгээ хэллээ.

Харин “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн ерөнхий захирал Б.Мөнхбат тус үйлдвэр нь 2018 оны эцсээр 78 тэрбум төгрөгийн өртэй байсныг одоогийн байдлаар 63.3 тэрбум төгрөг болгож бууруулаад байгаа. Өр төлбөрийг ойрын гурван жил хагаст бүрэн барагдуулахаар ажиллаж байна. Мөн энэ оны эхний байдлаар үйлдвэрийн мэдэлд 35 тусгай зөвшөөрөл байснаас Засгийн газрын шийдвэрээр Асгатын мөнгөний ордтой холбоотой 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Үлдсэн 31 тусгай зөвшөөрлөөс эхний ээлжинд 8 тусгай зөвшөөрлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзээд энэ чиглэлээр ажиллаж байгаа гэдгээ хэллээ.

Уг хуулийн төсөл нь “Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай болсон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар "Монголросцветмет" ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил. үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж, улмаар “Монголросцветмет ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдах нөхцөл бүрдэнэ юм байна.