Энхболд.Н 2019.06.12 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хоёр талт олон улсын гэрээний төслийг зөвшилцөв

Хоёр талт олон улсын гэрээний төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан  Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг гэрээний төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийлээ.

Мөн уг гэрээний төслийг зөвшилцөхийг хэлэлцэж дэмжсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан юм.

Манай улсын гадаад хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр иргэд гадаадад зорчих нь нэмэгдэж байгаа. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Вьетнам, Тайланд зэрэг улсад аялах, сурах, ажил хэргийн шугамаар зорчих иргэдийн тоо ихээхэн өсөх болжээ.  Манай улс 2000 онд Бүгд Найрамдах Социалист Вьетам Улс /БНСВУ/-тай хоёр улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан. Мөн “”Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээ”-г 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулж, одоогоор уг гэрээг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар ажиллаж байгаа аж.

Харин “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, БНСВУ хоорондын гэрээ” байгуулахаар 2017 оноос талууд ажиллаж, дотоодын холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн улмаар Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцжээ. Үүний үр дүнд талууд гэрээний төслийг 2018 оны 10 дугаар сарын 15-нд үзэглэж, улмаар 2019 оны гуравдугаар улиралд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгааг сайд танилцуулсан юм.

Манай улс одоогоор 17 улстай гэмт этгээд шилжүүлэх талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээтэй ажилладаг аж. Энэхүү гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрддэг байна.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Гэмт этгээд шилжүүлэх тухай хоёр улсын хоорондын гэрээний төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээ тогтов.

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар манай улсад Вьетнам улсын хоёр иргэн ял эдэлж байгаа, харин тус улсад ял эдэлж буй монгол иргэн байхгүй. Мөн Вьенам Улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчим иргэн суралцдаг гэсэн тоо баримтыг гэрээний төслийн танилцуулгад дурдсан байна.