Оюун-Эрдэнэ.Л 2019.06.12 | Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ: Телевизүүд нэгдээд, өөрсөддөө үнэлэлт дүгнэлт өгье гэж байхад төр дэмжих ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

"Нийгэм бүхэлдээ зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жилийг дүгнэж байна. Нэг тв, нэг радио, 2-3 сонинтой байж байгаад 100 гаруй ТВ тэй болчихсон энэ үеэ дүгнэж байна. ТВ-үүдийн нэвтрүүлгийн чанар хүртээмжид үнэлэлт дүгнэлт өгч, төрөөс дэмжлэг үзүүлэх цаг болсон.

Салбарт давуу ба сул тал бий. Одоо хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэх явцад сая хэлсэн олон саналуудыг ярилцах боломж гарна. Кабелийн тв, түгээлт хариуцаж байгаа компаниуд үнийг хөөрөгдөхгүй байх боломж, Рейтинг тогтоох компаниудтай ч уулзах боломж гарна байх.

Юмыг эерэг талаас нь хараад телевизүүд нэгдээд, өөрсөддөө үнэлэлт дүгнэлт өгье гэж байхад нь Их хурал хэлэлцэх эсэхийг нь шийдээд явуулах нь зүйтэй юм. Цаашдаа бид соён гэгээрүүлэх ажил чухал юм. Үндэсний, хүүхдийн хөгжлийг дэмжсэн контент чухал байна гэдгийг Монгол нэвтрүүлэг энэ сувгуудаар цацагдаж байж л засагдана. Монголын, үндэсний үзэл, нүүдэлчин соёл зэргийг төр санхүүгээр ч дэмждэг байх ёстой. 

Телевизүүдийн дунд барьцах асуудал үүсэж байгаа. Гэхдээ бүгдээрээ юу ч үгүй байснаас хэн нэгэн эхлэх нь зөв. тэгэж байж үнэтэй болно. Өрсөлдөөн бий болно. Нэг юм эхлэх гэхээр тал талаас нь татаж унагадаг чөтгөрийн тойрогт явж болохгүй. Цаашид олон талаас нь өөрчлөх боломж байгаа учраас энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд явуулна уу? Гишүүд хүсвэл ажлын хэсэгт орж ажиллаад явах боломжтой юм."