Ё.Баатарбилэг У.Хүрэлсүх 2019.06.12 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Соёл урлагийн Үндэсний зөвлөл 2019-2020 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Соёл урлагийн Үндэсний зөвлөл 2019-2020 оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэргэдэх Соёл урлагийн Үндэсний зөвлөл хоёр дахь удаагийн хурлаа өнөөдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийлээ. Анхны хуралдаанаар зорилго, зарчмаа тогтсон бол энэ удаад 2019-2020 оны төлөвлөгөө, онцлох ажлуудаа хэлэлцлээ. 

Бүх нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,  Соёлын өвийг хадгалах, түүнийг түгээн дэлгэрүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Сонгодог болон орчин үеийн урлагийг дэмжин ажиллах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд төлөвлөснөөс олонх нь хэрэгжиж эхлээд байна. Анхны хурлын дараа дөрвөн дэд ажлын хэсэг байгуулагдан хуралдаж, саналуудаа гаргасан. Нийт 107 санал ирсэн нь төлөвлөгөөнд туссан байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд, У. Хүрэлсүх "Соёл урлагийн Үндэсний зөвлөл байгуулагдаад удаагүй ч Засгийн газрын түвшинд олон асуудал шийдэгдэж эхэлсэн. Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музейг шинээр барихаар газрыг сонгож, зураг төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэсэн. Улсын Филармоны хөгжим зэмсгийг шинэчлэн, театруудыг автобустай болгосон зэрэг дэд бүтцийн асуудлууд шийдэгдээд явж байна. Ирэх онуудад УДЭТДБЭТ-ыг шинэчлэн хуучин загвараар нь барих, түүхэн болон хүмүүжлийн ач холбогдол бүхий кино захиалгаар бүтээлгэх, соён гэгээрүүлэх ажилд багш нарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын ажлууд хийгдэх болно. Соёл урлаг хүнийг хүмүүжүүлдэг. Тэр утгаараа олон нийтийг соён гэгээрүүлэхдээ хөвгүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Эр хүн гэр бүлээ тэжээх, хамгаалах хоёр үүрэгтэй төрдөг ч энэ үүргээ төдийлөн сайн биелүүлж чадахгүй байна. Ард түмнээ соён гэгээрүүлэх, үр хүүхдээ хүмүүжүүлэх үйлсэд урлагийн салбарынхан ухаан бодол, сэтгэл оюунаа дайчлахыг хүсье" гэлээ.