Баасанхүү.О Л.Мөнхбаатар 2019.06.13 | Vip76.mn

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг тус цэцийн гишүүн Б.Солонго танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн сарын 27-ны дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон УИХ-ын 22, 23 дугаар тогтоол хууль зөрчсөн гэж дүгнэв. Тодруулбал,, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хийх тов, зардал зэргийг тогтоосон дээрх тогтоол нь Сонгуулийн тухай, Төсвийн тухай болон бусад холбогдох хуулийн заалтыг зөрчжээ. УИХ-ын 23 дугаар тогтоолд, сонгуульд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэвч Сонгуулийн тухай хуулиар, сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргана гэж хуульчилжээ. Харин 22 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийг ирэх сарын 30-нд товлосон. Гэтэл одоогийн хуулиар, өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгууль зохион байгуулахгүй байхыг нарийвчлан тусгасан хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн байна.

Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.

Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүний хувьд Байнгын хорооноос өгсөн чиглэл, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийн үзэл баримтлалын дагуу хууль тогтоомжийн холбогдох заалтууд нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Үндсэн хуулийн цэцээс "УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, Засгийн газрын нөөц сангаас шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх хүлээж авсангүй.

Цэцийн дүгнэлтийг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд хүлээж авах боломжгүй хэмээн үзсэнийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй.