Баасанхүү.О 2019.06.13 | iToim.mn

О.Баасанхүү: 10 сая долларын авлига авсан мэдээлэл үнэн гэж хардаж байна. Гэхдээ энэ Засгийн үед шалгахгүй

О.Баасанхүү: 10 сая долларын авлига авсан мэдээлэл үнэн гэж хардаж байна. Гэхдээ энэ Засгийн үед шалгахгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэсэн мэдээллийг шалгаад худал мэдээлэл байсан гэдэг тайлбарыг өгсөн. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-“Зууны мэдээ” сонин дээр гарсан нийтлэл дээр маш тодорхой байсан. Тэнд гурван зүйлийг маш тодорхой бичсэн байна. Нэгд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд явж байсан нэг сайд. Хоёрт, гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон, гуравт, 10 сая ам.доллар гэж. Гүйцэтгэх ажлын мэдээллийг АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурор руу ч юм уу утасдаад “та нар гүйцэтгэх ажлаар ямар нэгэн зүйл тогтоосон уу” гээд ярьчихдаг юм байхгүй.

Гүйцэтгэх ажлын мэдээллийг олж авдаг тусгай хуультай. Тусгай хяналтын дэд хороо гээд С.Батболд гишүүний даргалсан дэд хороо хуралдаад, тодорхой мэдээлэл аваад, авсан мэдээлэл дээрээ үндэслээд олон нийтэд цацах ёстой. Түүнээс биш “танай тэндээс манай нэг хүн 10 сая ам.доллар авч уу” гэж ярих боломжгүй. Тийм байсан ч гүйцэтгэх ажлын мэдээллийг олон нийтэд цацах ёсгүй.

Тэгэхээр 10 сая ам.долларын авлигын хэрэг үнэн, худал гээд шууд ярьж байгаа нь улс төр юм. Ер нь энэ Засгийн газрын сайд нар бүгд асуудалтай болчихоод байна. Монгол Улсаараа тоглоод байна. Манай улс 1.3 сая ам.доллараар газрын тосны үйлдвэр байгуулж байгаа. Үйлдвэрт түүхий эд хэрэгтэй. Гэтэл үйлдвэр түүхий эдээ дотоодын нөөцөөр хангах боломжийг гэрээгээр хаасан байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнийг шалгаж, гэрээг дахин боловсруулах юм уу, Питро Чайна Дачин Тамсагтай ярих ёстой. Дээр нь малыг хөлөөр нь гаргаж байгаа нь малын удмын сангүй болгох зорилготой болохоос энд ямар нэгэн байдлаар эдийн засгийн бодлогыг дэмжих зүйл байхгүй. Мөн Хятадын компанид 50 га газар өгөх гэж байсан нь үнэн шүү дээ. Яг өгөх гэсэн чинь олон нийтийн шаардлага мэдээлэл, МАН-ын зөрчилдөөний буянаар мэдэж, болиулсан. Эд нар Монголоор минь тоглоод байна.

Хятадад сууж байгаа Элчин сайд Ганхуяг гэдэг хүн Хятадад нэр хүндгүй, энд АСЕМ-ын талаар асуудалтай, Орос, Өмнөд Солонгост Элчин сайд алга. Олон улсын өмнө 70 кг хар тамхи зөөвөрлөсөн асуудал шуугиан тарьж байна. Монгол Улсын гадаад нэр хүнд гэж байхгүй болчихлоо. Үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа нь аймшигтай. Цэрэг нас барлаа хүн хариуцлага хүлээдэггүй, цэвэрлэх байгууламжид хүмүүс нас барлаа хариуцлага хүлээх хүнгүй, сүрьеэ өвчинтэй боллоо хүн хариуцлага хүлээдэггүй. Маш их хэмжээний хар тамхины асуудал гарлаа хэн ч хариуцлага хүлээдэггүй. Шударга ёсны сэлэм хэзээ эргэх юм бол гээд гайхаад сууж байна.

-Таныхаар 10 сая ам.долларын авлигын асуудал байгаа юм байна тийм үү. Тэгэхээр Засгийн газар худлаа мэдээлэл өгсөн гэсэн үг үү?

-Би Засгийн газрыг худлаа мэдээлэл хийж байна гэж бодож байна. Учир нь зохих ёсны шалгалтыг хийгээгүй учраас энэ үнэн юм байна гэж бодоод эхэлж байна. Уг нь худлаа байлгүй дээ, 10 сая ам.доллар авахгүй байлгүй дээ гэж бодож байсан. Гэтэл эд нарын өгч байгаа тайлбарыг харвал магадгүй юм биш үү, 10 сая ам.долларын авлига авсан юм биш үү гэж бодож байна. Гүйцэтгэх ажлын мэдээллийг хэн мэддэг юм. Энэ сэдэв нээлттэй үлдлээ.

Гэхдээ энэ Засгийн үед шалгагдахгүй. МАНАН мафийн бүлэглэлийг устгах зорилгоор хуулийн байгууллагын удирдлагыг солилоо гэсэн чинь өөрсдийнхөө хулгайг хамгаалуулах зорилгоор өөрсдийнхөө хүмүүсийг тавьсан юм биш үү. Тухайн үед ЖДҮ гээд маш ноцтой мэдээлэл гараад, өргөн баригдах гээд, шударга гаруудыг аваад явчих гээд байсан таг болчихлоо. Тэгэхээр эд гэмт хэрэгтнүүдтэй хуйвалдчихсан юм биш үү.

Би одоо тэгж хардаад эхэлсэн. МАНАН мафи гэж ерөөсөө Монгол Улсад байхгүй. Гэмт хэрэг хийсэн хүн, гэмт хэрэг хийгээгүй хүн л гэж бий. Гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хүний өөрийн гэлтгүй шийтгэх ёстой. Гэтэл гэмт хэрэг улам гаараад байна. Аймшигтай байна шүү дээ. Хүний хүүхэд хулгай хийвэл хүйтэн хандана, өөрийн хүүхэд хулгай хийвэл өвөртөө нууна гэдэг дүрмээр энэ хүмүүс ажиллаж байгаа. Өөрийн хүүхдүүд яаж ч хулгай хийсэн түүнийг нь дарна, хаана, нууна.

-Та энэ засаг, төрийн үед энэ хэргийг шалгахгүй гэж байна. Тэгвэл шинэ засаг төрийн үед шалгах боломж бий юү?

-Шалгавал түр хороо хуралдаад, албан ёсоор Хууль зүйн байнгын хороо юм уу, Аюулгүй байдлын байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад, Тусгай хяналтын дэд хороо хуралдаад нууцыг зэрэглэлтэй мэдээлэл авъя гэж яриад авлига албан тушаалын нарийвчилсан мэдээлэл авах ёстой болохоос утсаар яриад “10 сая ам.доллартай манай сайдууд холбогдсон уу” гэж асуухгүй. Асуулаа ч тэд гүйцэтгэх ажлын мэдээлэл хэлэхгүй. “Холбогдоогүй байхаа, би лав дуулаагүй” л гэж хэлнэ. Тэгэхээр нь ийм зүйл байхгүй гэж олон нийтэд мэдээлж болохгүй. Зурагтаар гарахаараа нэг л их шударга, ухаантай, хууль ёс мэддэг хүмүүс. Албан тушаал, эрх мэдэлд дургүй. Гэтэл цаанаа хүү, хүргэн, хадам, авгай хүүхэн, нууц амрагаа дандаа дарга болгосон. Яах вэ хүн ажилтай боллоо гэхээр хамаг өнгөтэй өөдтэй рүү уралдаж байна ш дээ. Жил хүрэхгүй хугацаанд эд юу хийх гээд байна аа.

-Ярилцсан танд баярлалаа.

Сэтгүүлч Л.Одончимэг