2019.06.14

О.Баасанхүү: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар төрийн тэргүүн, сөрөг хүчний байр суурийг сонсох ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаан 10 цаг 45 минутад 58 хувийн ирцтэйгээр эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан.

Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Би Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Санаачлагчдын ч нэг. Өнөөдөр парламентад 3 намын төлөөлөл байна. МАН, АН, МАХН. Хууль тогтоох эрх мэдлийг намын төлөөлөл бүрдүүлдэг. 2 намын төлөөлөл МАН-тай зөвшилцөж чадахгүй байна. Үүнд 2 шалтгаан байна. 

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь ойлгомжгүй байна. Бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний байр суурийг УИХ дээр оруулж ирээч гэж хүсч байна.

2. Хуулийн зөрчил байна. Түүнийг арилгаж өгнө үү? Үндсэн хуулийг зөрчилтэй байна гэж УИХ, ажлын хэсэг үзэхгүй. Үндсэн хуулийн цэц л тогтооно. зөрчилтэй байсан бол хүчингүй болгохгүй яасан юм бэ гэдэг асуудал байгаа юм. 

Тиймээс Үндсэн хуульд байгаа зөв заалтаа оруулаад бурууг нь өөрчлөөд явах нь зөв боловч өнөөдрийн түвшинд шинэ дэгээр явах шаардлагатай. Ингэхгүй бол ярих хугацаа багасаад байна. Тэгвэл яах гэж хууль баталсан юм. Мөн цөөнхийн саналыг сонсох ёстой. Тиймээс нам дангаараа энэ хуулийн хүчээр авч явахгүй. Хуулийн төслийг ард түмний зөвшилөөр оруулах хэрэгтэй байна.

Харин Оюутолгойн хувьд ажлын хэсгийн нэг хэсгийн ахлагч. Асуудлыг ярихгүй байгаа бус Засгийн газар ажлыг үргэлжлүүлэх ёстой.

Хавдрын хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Хэлэлцэх шаардлагатай хуулиудаа хэлэлцээд Ерөнхийлөгчийг ШХАБ-ын хурлаас ирэх хүртэл хүлээж байя. Төрийн тэргүүний байр суурийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр сонсох ёстой."