Лүндээжанцан.Д 2019.06.14 | Vip76.mn

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг Мягмар гарагт үргэлжлүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг Мягмар гарагт үргэлжлүүлнэ

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдэж ирлээ. Төрийн байгууллыг шинээр эмхлэн байгуулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх явцад төрийн институци хоорондын харилцааны болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны практикт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч тэдгээрийн зарим нь төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахад сөрөг үр дагавар авчирсан тухай эрдэмтэн судлаачид, олон түмний зүгээс шүүмжлэл хүлээх болов.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд ирүүлж байсныг үе үеийн Улсын Их Хурал анхааралдаа авч, 2011, 2012 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, өргөн мэдүүлж байв. 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч тухайн үеийн Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэж амжаагүй.

Харин 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах зорилгоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн судалгааны үр дүнд Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн асуудлаар үндэслэл, тайлбар бүхий 46 заалттай тайлан, санал гаргасан байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Зөвлөлдөх зөвлөл байгуулж, 6 багц асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, түүнээс 5 багц асуудал нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн.

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Тус ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. Уг төслийн талаарх иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулж ажиллуулав.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 330 шахам мянган иргэнээс нийтдээ 5 580 гаруй мянган нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна гэдгийг дурдав.

Гишүүд хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг ирэх Мягмар гарагийн 10:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.