О.Баасанхүү: Би Ардчилсан намд элсээгүй
2019.06.14

О.Баасанхүү: Би Ардчилсан намд элсээгүй

ТОЙРОГТОО ХАМГИЙН ИХ ЮМ ХИЙСЭН ГИШҮҮН НЬ “БИ” ГЭЖ ОМОГ БАРДАМ ХЭЛНЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг АН-ын дарга С.Эрдэнээс их хэмжээний мөнгө авч намд нь элссэн гэх цуу яриа олон нийтийн сүлжээнд цацагдах боллоо. Энэ үнэн үү?

-Би АН-д элсээгүй. Тэгэхээр С.Эрдэнээс мөнгө авсан гэх асуултад хариулах шаардлагагүй гэж бодож байна.

-АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах саналыг та яагаад гаргасан юм бэ?

-Зарим хүмүүс надаас “Баасанхүү гишүүнээ та намаасаа гарсан уу. Та хувьсгалт намдаа байгаа уу” гэж асуухаар нь “Сангийн яамнаас очиж бичиг үзээрэй” гэдэг юм. Хуулиараа УИХ-д суудалтай нам Сангийн яамнаас мөнгө авдаг. МАХН хуулиараа суудал бүхий учраас жилд 124 орчим сая төгрөгийг авч байгаа. Үүний 60 сая төгрөгийг миний Эрдэнэтийн тойрогт өгч, үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Энэ мөнгийг гурван жил авч байна. 2020 онд ахиад л авах байх. Би яагаад АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллахаар болсон бэ гэхээр өнөөдөр Монгол Улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байна.

Үндсэн хуулийг өөрчлөхөд “Төр засгийн бүх эрх мэдэл ард түмний ард. Ард түмэн төлөөллийн зарчмаар төрийн эрх мэдлийг барина” гэж заадаг. Тэр утгаараа сонгогчдын 49 хувь нь МАХН, АН-д, 51 хувь МАН-д саналаа өгсөн. Тиймээс 49 хувь нь 51 хувьдаа хамтдаа хяналтаа тавья гэж яриад байгаа юм. Гудамжинд байгаа сонгогдоогүй 22 хүн ард түмнийг төлөөлж байна гэж ярихад хэцүү. “Өнөөдөр төртэй юм бол үндсэн хуультай, үндсэн хууль нь зарчимтай байх ёстой. Сөрөг хүчин хамтдаа ажиллая. Үндсэн хууль болохоо байчих гээд байна шүү. Сөрөг хүчний дуу хоолойг хамтдаа ярья” гэж л хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Яагаад гэхээр би 114 мянган хүнийг төлөөлж байгаа. УИХ-ын тухай хуулинд “Нам сонгогдсон гишүүнээрээ дамжуулж төрийн үйл ажиллагаанд оролцоно” гэсэн заалт бий. Тэгэхээр 114 мянган хүнийг төлөөлж УИХ-д суугаа хүн АН-д саналаа өгсөн 200-300 мянган хүнтэй хамтарч үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж хяналт тавихаас өөр аргагүй. Өнөөдрөөс эхлээд ямар ч хууль хэлэлцэхгүй. Зөвхөн үндсэн хуулийн тухай ярих юм шиг байна. Ийм чухал үед өнөөдөр бид “Чи Ардчилсан нам, чи Ардын намынх, чи сайн хүн, би муу хүн” гэж ярьж байх цаг мөн үү. Ард түмний хяналтыг нэг цэг дээр авчирч ярих ёстой. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийг гаргахгүй байна гэдэг МАН төлөөллийн ардчиллыг явуулахыг хүсэхгүй байна гэсэн үг.

-Та 2020 онд 47 дугаар тойргоосоо нэр дэвших үү?

-Нэр дэвшинэ гэдэг нэгдүгээр асуудал юм уу, хийсэн ажлаа дүгнүүлэх нь нэгдүгээр асуудал юм уу. Уулзах нүүртэй оч л доо. Аль тойргоос нэр дэвших нь хамаагүй. Юу хийснээ ярьж тайлбарлаад юу хийх гэж байгаагаа хэл. Ард түмэн өөрсдөө сонголтоо хийг л дээ. Тойрогт нэр дэвших гэдэг миний асуудал биш би нэг тойргоос сонгогдчихоод дараа нь дахиад дэвшье эсвэл тойргоосоо гаръя гэж боддоггүй. Харин уулзах нүүртэй, хийсэн юмтай, хэлэх үгтэй байх юм сан гэж хичээдэг. 2016 онд УИХ-ын гишүүн болчхоод Эрдэнэтэд хамгийн анхны томилолтоо хийж байсан юм.

Тэр үед Орхон аймгийн Засаг даргаар н.Зоригоо гээд их сайхан хүн ажиллаж байлаа. Хөөрхий минь одоо бурхны оронд оччихсон. Тэр хүн надад “Баасанхүү гишүүнээ, чамайг УИХ-ын гишүүн гэдгээр хүн таниад хэрэггүй. Харин энэ улсад, тойрогтоо юм хийсэн гэдгээрээ танигдаарай” гэж хэлсэн. Тэр үед Их хурлын гишүүн ямар байдгийг мэдэхгүй, ард түмэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг хүлээж авдаг шигээ угтаж авах болов гэж бодоод тойрогтоо очсон. Миний уулзалтад 10 гаруйхан хүн ирсэн. Тэр хүмүүст улс орны талаар маш их юмыг ярьсан.

Ярьж дуусаад асуулт байна уу гэтэл ганцхан хүн “Н.Энхбаяр гуай хэзээ шоронгоос гарах вэ” гэж асуусан. Өнөөдөр би Эрдэнэт хотод уулзалт зохион байгуулахад заал дүүрч байна. Яагаад гэхээр би ганцаараа сонгогдсон ч гэсэн өөрийнхөө тойрогтоо, Эрдэнэтчүүддээ нүүр бардам очно. Намайг гүтгэ, доромжил, муул. Хулгайчууд надад дургүй байдаг юм. Манай Эрдэнэтэд маш олон хулгайч нар байгаа. Тэр гүтгэлэгүүд хэрээс хэтрээд байгаа. Тиймээс зарим нэгэн зүйлүүд дээр хуулийн байгууллагаар арга хэмжээ авахуулна гэж бодож байгаа.

-2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших үү, МАХН-аас нэр дэвших үү. Та энэ асуултад маш тодорхой хариулж өгөхгүй юу?

-2020 онд би үхчихсэн ч байж болно. Сонгуульд нэр дэвших нэгдүгээр асуудал биш. Одоо Монгол Улс орших уу, эс орших уу, тусгаар тогтнолтой байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг үндсэн хууль тогтоодог юм. Үндсэн хуулинд хуруу гараа дүрье гэж яриад байна. Тиймээс сөрөг хүчнүүд нийлээд ярья гэсэн юм. 2020 оныг хүртэл МАХН-ыг суудалтай байлгана гэж 114 мянган хүн надад санал өгсөн. Сонгууль болоогүй байхад ийш тийшээ гүйгээд явчих ёстой юм уу.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод найман жилийн нүүрийг үзэх гэж байна. Энэ хугацаанд улсад болон тойрогтоо юу хийж бүтээв?

-Юу хийж бүтээв гэхээр хүн гарын таван хуруугаа харах хэрэгтэй л дээ. Таван хурууг эрхий, долоовор, дунд, ядам, чигчий гэж нэрлэдэг. Үүнийг би дотроо юу гэж төсөөлдөг вэ гэхээр ард түмнээс УИХ-д сонгогдсон хүн гадаад харилцаа, УИХ-д, тойрогтоо гээд гурван ажлыг хийх ёстой.1992 оны Үндсэн хуулиас хойш Орхон аймгаас сонгогдсон гишүүд дотроос тойрогтоо хамгийн их юм хийсэн гишүүн нь “Би” гэж омог бардам хэлнэ. Үүнийг манай тойргийн сонгогчид мэднэ. Гэхдээ манай сонгуулийн хууль нь жижгэрүүлсэн тойрог учраас Эрдэнэтийн хэмжээнд гэж хэлэх боломжгүй байна. Харин 47 дугаар тойргийн хэмжээнд гэж хэлэх гээд байна. Бид сургуулийн өргөтгөлийг хийлээ. Бассейн, зам, эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдлээ. Зуравдугаар сарын 29-нөөс долдугаар сарын 04-ний хооронд тойргийнхоо бүх хүүхдүүдийг сүрьеэгийн үзлэгт хамруулах гэж байна. Та надаас “Та юу хийж бүтээв” гэж асуусан. Яриад байвал өнөөдөр дуусахгүй.

Харин “Та сонгогчдодоо юу амласан, амласнаа биелүүлсэн үү” гэж асуувал амархан. Би Эрдэнэтчүүдэд хоёрхон л зүйл амалсан. Нэгдүгээрт нь зөв байна гэж амалсан. Хоёрдугаарт нь Эрдэнэтийг хот болгоё гэж амалсан. Ийм л хоёр амлалт надад байдаг. Үүнийг Эрдэнэчүүд мэдэж байгаа. Эрдэнэт хотыг хот болгоё гэдэг дээр Үндсэн хуулийн ажлын хэсэгт ороод, үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийгээд Үндсэн хуулинд хот гэдэг статусыг дэмжүүлэх гээд явж байна. Энэ хэрэгжвэл миний амлалт надаас хамааралгүй биелэнэ.

Өнөөдөр төрийн ордонд замбараагүйтэл хэрээс хэтэрчихсэн байсан. Ордны хуралдааны танхимдаа согтуу орж ирдэг. Хүмүүсийн өмнөөс санал өгдөг байсныг өөрийнхөө хэмжээнд бяцхан тэмцэл хийсээр байгаад санал хураалтыг хурууны хээгээр өгдөг болгож дэгийн хуулинд шинэчлээд оруулчихлаа. Юу хийсэн бэ гэхээр ард түмэндээ очоод “Би 60 тэрбумийн хэрэгт орооцолдоогүй, ЖДҮ-ийн сангаас хөнгөлттэй зээл аваагүй. Би авлигалд автаагүй” гэж хэлнэ. Миний нэр хүндийг унагаая гэвэл гүтгэлэг гэхээс өөр юм байхгүй.

Та надаас ярилцлагын эхэнд “Та С.Эрдэнэ гишүүнээс мөнгө авсан уу. АН-д элссэн үү” гэж асуусан. Би ахиад хэлье “Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтэрсэн. Дуулиантай бүх хэргийг О.Баасанхүү хийсэн гэдэг гүтгэлгийг манай МАНАН мафийн бүлгийнхэн хийдэг юмаа. Энэ бүлэглэлийн гүтгэлэгт тайлбар хийх цаг надад алга. Өнөөдөр ард түмэн дүнгээ тавина биз. Тэгээд л шийдвэрээ гаргана.

Сэтгүүлч М.Амаржаргал