Бат-эрдэнэ.Ж 2019.06.14 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Ажлын хэсгийн төслөөс хальж нэн шаардлагатай заалтуудыг оруулах ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Ард иргэдийн оролцоо, намуудын оролцоог хангаж, бүрэн сэтгэл хангалуун байдалтай батлах ёстой. АН хэлэлцүүлгийг хаяад гарчихлаа. Намуудын хооронд хэлцэл байх ёстойгэсэн санал гарч байна. 

Бид хүч түрэн нэг намын гишүүдээр батлаад явж болж байгаа юм уу? Сэтгэл хангалуун байхаар батлах ёстой хууль. Ард иргэдээ хүндэлмээр байна. 

Бид төрөө дээдлэх ёстой. төрийн албан хаагчдаа дээдлэх, ард түмнээ дээдлэх ёсоо баримталмаар байна. төрийг ард иргэд байгуулж байна. Тэднийхээ сайн сайхны төлөө төр нь ажилладаг. Ард иргэдээ дээдлэх тал дээр энэ үндсэн хуульд үг үсэг байгаа юу? Монгол Улсын иргэн, эрдэнэт хүн гэж хэнийг хэлж байгаа вэ гэдгийг хэрхэн тодорхойлсон юм бэ?

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хамгийн тэргүүнд эрдэнэт хүн байх ёстой. Тэдний эрх, эрх чөлөө, амьдралын боломж бололцоо чухал байх ёстой. Үүнийг өөрчлөлтийн төсөлд оруулмаар байна.

Сонгуулийн тогтолцоо чухал асуудал шүү. Бидний болохгүй байгаа зүйлсийн гол нь слнгуулийн тогтолцоо, намуудын хуульд өөрчлөлт оруулах асуудал. Энэ босго зөв байж гэмээнэ өөрчлөлт зөв болно. Хуулийн төсөлд ажлын хэсгийн оруулсан заалтуудаас халимаар байна.

Хөдөө орон нутгаар явж байхад иргэд маш их санал хэлж байна. Жишээлбэл, төрийн сүлдээ өөрчлөх үү? үгүй юу? Иргэдийн 70 гаруй мянган санал төсөлд тусгагдаагүй орхигдсон гэж байна. Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Бидэнд энэ салбараа хөгжүүлье гэж ярьдаг. Гэтэл төрийн сүлд нь модон морины хэлбэртэй байгаа шүү дээ. Цаашдын бэлгэдэлээ бодсон ч энэ мэт нэмэлт, өөрчлөлт орхигдоод байна."