2019.06.14

Л.Энхболд: Монголын ард түмний өмчөөс хэн ч хулгайлах ёсгүй

Алдагдсан нүүрсний хэргийн эздэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Өнгөрөгч 2018 оны хамгийн их олны анхаарал татаж, ард иргэдийн хариулт хүссэн асуудал бол Таван толгойн бүлэг орд газраас хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд анх мэдээлсэн явдал байсан. Дээрх асуудлаар ажлын хэсэг гарган шалгалт явуулснаар зарим этгээдүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан Монгол Улсын хилээр 340 мянган тонн нүүрс гаргасан байж болзошгүй үйлдэл баримтаар ил болсон. 

2011-2013 оны хооронд 70 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий нүүрс хулгайгаар экспортолсон бөгөөд их хэмжээний татвараас зайлсхийсэн асуудал шалгалтаар тогтоогдсон боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон тухай Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан мэдэгдэж байсан.

Өнөөдрийг хүртэл хууль, хяналтын байгууллагаас нэг ч тодорхой шийдвэр гараагүй байна. Монголын ард түмний өмч болох газрын баялгаас ингэж хулгай хийсэн этгээдийг олж тогтоон, хариуцлага хүлээлгэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн Л.Энхболд асуулга тавьсан.

Тэрээр Өмнөговь аймгаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд байгалийн баялаг, түүний ашиглалт, эрх зүйн зохицуулалт хэм хэмжээндээ хэрэгжиж буй эсэхэд байнга анхаарал хандуулж, тууштай зүтгэж яваа юм.

Харамсалтай нь хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа бөгөөд нүүрс алдагдах явдал өнөө ч давтагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс нутаг орноо төлөөлөн УИХ-д ажиллаж байгаа гишүүний хувьд энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ажиллах болно гэдгээ мэдэгдээд байна.

Тост, Тосон бумба орчмын газар нутгаа хамгаална

Өмнөговь аймаг бол уул уурхайн бүс нутаг. Монгол Улсын эдийн засгийг авч явдаг аймаг ч гэж хэлж болно. Гэхдээ уул уурхайг дагасан ээдрээтэй асуудал олон бий. Үүний нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумба орчмын уул уурхайтай холбоотой маргаан юм. Энэ маргаан олон жил үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Энхболд нутаг орноо дэмжих, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газрыг хамгаалах тал дээр тасралтгүй ажиллаж байна. Тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Өмнөговь аймагт орших Тост, тосон бумбын нуруу орчмын газар нутагт эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа, байгалийн нөөц газрын хилийн заагийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан юм.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газраас Тост, тосон бумбын нуруу орчмын газар нутагт эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаа, байгалийн нөөц газрын хилийн заагийн талаар хариу өгсөн ч тодорхойгүй нягтлан шалгах, бодит байдалтай зөрсөн зүйлс байгаа юм.