М.Билэгт 2019.06.14 | Vip76.mn

М.Билэгт: Үндсэн хуулиа дээдэлж, заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.14/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“Бид 1992 онд шинэ үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. 28 жилийн өмнө Ардчилсан нийгэмд шилжиж, илүү сайхан нийгэм бүтээнэ гэж итгэж, ярьж байсан. Гэтэл Монголын ард түмэнд төрдөө итгэх итгэл нь буурч, бухимдах хэмжээнд хүрээд байна.

Д.Лүндээжанцан даргаас асуумаар байна. Ер нь бол 28 жилийн хугацаанд иргэдийн итгэл алдарсан нь Үндсэн хуулиас болж байна уу? төрийн түшээдээс болж байна уу? 1992 оны Үндсэн хуульд маш тодорхой заалтууд байдаг. Үндсэн хуулиа өнгөрсөн жилүүдэд төрийн эрх баригчид хэрэгжүүлж, мөрдөж чадсангүй гэж би боддог.

Хүн аль ч нийгэмд ажил хийж, бүтээж амьдардаг. 30 жилийн өмнө 6000 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан 360 үйлдвэр хаалгаа бариад 100 мянган иргэн ажилгүй болсон. Гэтэл Үндсэн хуульд ...Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна. Мөн ...Төр нь үндсэний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах үүрэгтэй. ...мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэж заасан.

Гэтэл үндсэний онцлогоо судлахгүй байж гаднаас туршлага судалж, зөвлүүлээд байсан. Эргээд харахад үйлдвэрүүд дампуурсан, мөнгөн тэмдэгт нь уначихсан байна. Тиймээс Үндсэн хуулиа дээдэлж, заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж хэлмээр санагдаж байна.”