Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллаа
2019.06.17

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Өвөрхангай аймагт ажиллаа.

БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан болон Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженерүүд Арвайхээр хотод баригдаж буй 928 хүүхдийн сургууль, 320 хүүхдийн лаборатори "Мэргэд" сургууль, 2 болон 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажилтай танилцаж, хяналт тавилаа. Тус аймаг 2018 онд хөрөнгө оруулалтаа 100 хувь ашигласан бөгөөд энэ оны худалдан авах ажиллагаагаа шуурхай зохион байгуулж, явцын үзүүлэлтээрээ аймгуудаа тэргүүлж байгааг сайд сайшаалаа.

Салбарынхантайгаа уулзаж, санал бодлыг нь сонсох үеэрээ "Багшийн ачааллын асуудлыг хөндөж, түүнийг ганцхан яам биш сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хамтдаа бууруулна. Энэ намраас эхлээд хичээлийн 40 минут нь зөвхөн багшийн бүрэн эрхийн цаг байх ёстой. Энэ цагаас хэн ч хумслах эрхгүй" гэдгийг онцоллоо.

Багш бэлтгэх тогтолцооны алдааг засах, их дээд сургуулиудын хөтөлбөрийг жигдэлж, жил бүр хянаж байх сайдын санаачилгыг салбарынхан дэмжиж байна.

Өвөрхангай аймгийн хувьд 43 цэцэрлэг, 29 ерөнхий боловсролын сургууль, 22 cоёлын байгууллагын 2734 албан хаагч иргэдэд үйлчилж байгаа бол спортын салбарт 36 албан хаагч ажиллаж, бие даасан 7 ордон, спорт заалаар үйлчилж байна. Уулзалтад 450 орчим хүн оролцов.