Бат-Эрдэнэ.Б 2019.06.18 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Үндсэн хуулийн суурь зарчимууд ганхчихаад байна

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Ажлын хэсэгт Үндсэн хуулийг анх батлалцсан, хууль зүйн дэд сайд, эрдэмтэд байгаа нь сайшаалтай. Та бүхэн хуулийн төслийг боловсруулан ажиллаж байхдаа нийгмээ ийм түвшинд хүрсэн гэж төсөөлөөгүй байх. Эрдэмтэд ч олон улсын эрх зүйтэй харьцуулаад өөрийн Үндсэн хууль, хэрэгжсэн хугацааг дагнан судлаад дүгнэлтэд хүрсэн байх. Яагаад ийм байдалд хүчрих вэ? Үүнийгээ хэлж өгнө үү? Миний хувьд улс төрийн засаглалын эрх мэдэл авдаг. Улс төрийн намаар дамжсан, улс төржсөн дампуурлын үр дүн гэж үзэж байна. Үүгээр дамжаад төрийн эрхийг авсан хүмүүс Үндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой газрын хэвлийн баялгийг цөлмөөд дууссан. 

Нийгэмд одоо баян ядуугийн асар их зөрүү үүссэн. иргэдэд урам зориг алга. Иргэдийн бизнесийн хязгааргүй орон зайг гаргаж өг. Гэтэл үүнийг нь өгөхгүй, эрх баригчид энд монопольдоод сууж байна. Ийм нөхцөлд яаж урагшлах вэ? Бид дэлхийн дунджаас 3-5 дахин бага цалинтай. Худалдан авах чадвараараа 112-т, 3 хүн тутмын 1 нь ядуу байна.

Ингээд харахаар Үндсэн хуулийн суурь зарчимууд ганхчихсан байна. Нэгдүгээр бүлэг Монгол Улсын бүрэн эрхт байдал, хоёрдугаар бүлэг төрийн байгуулалт, энэ засаглалын тогтолцоо, эцэстээ тавдугаар бүлэг Үндсэн хуулийн цэцийн асуудал яригдаж байна. Тиймээс хамгийн угаас нь энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Бид эрх зүйн асуудлаар зохицуулах асуудал байгаа ч зан заншил, ёс зүйгээр зохицуулах асуудлыг яах ёстой вэ? Бидэнд Үндсэн хуульд суурилсан олон хууль эрх зүйн баримт бичиг байна."

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа санал хэллээ.