Х.Нямбаатар 2019.06.18 | Vip76.mn

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг олон судлаачид хэлж байгаа

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"Монголын парламент 19 жилийн хугацаанд анх удаа Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэж байгаа нь том дэвшил. Бид Үндсэн хуульд маш олон өөрчлөлт оруулах хүсэл байвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулиар олон зүйл цоожлогдож, боломж хязгаарлагдмал байгаа. Жишээлбэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай тухай олон судлаачид хэлж байгаа. 1990 онд УБХ-аас хийсэн судалгаараа Монгол Улс 2 сая орчим хүн амтай гэж үзээд 2 сая хүн амтай улсуудын нийтлэг парламентын жишиг дунджаар өнөөдрийн парламентын 76 гишүүнтэй байх тоо гарсан. Эндээс давхар дээл өмсгөчихөөр 60 орчим гишүүнтэй парламент үйл ажиллагаа явуулдаг. Давхар дээл өмсгөхгүй болохоор Засгийн газар тогтворгүй болдог. Давхар дээлтэй болохоор парламентын ирц хүрдэггүй. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог. 

Тиймээс цаашид давхар дан дээлийн учрыг олоё гэж байгаа бол 3 сая давсан хүн амынхаа тоонд тэнцэх УИХ-ын гишүүдийн тоо, хугацааг нэмэгдүүлэх ёстой ч дээр хэлсэн шалтгаанаар боломжгүй болоод байгаа.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд энэ удаагийн орсон өөрчлөлтүүд энэ чигээрээ батлагдаасай гэж хүсэж байна. Нутгийн удирдлагын боловсронгуй болгох чиглэлд эргэж харах зүйл бол бий. Тухайлбал, сум дүүргийн засаг даргыг ард нийтээс сонгоод батламжлах эрхийг аймаг нийслэлийн засаг даргад өгнө гэдэг бол харилцаа уялдаагүй байна. Тиймээс үүнийг эргэн харах ёстой. Харин Аймаг нийслэлийн ИТХ-ыг сонгуулиар ард нийтээс сонгодог байдлыг халсан нь зүйтэй юм.

Баг, хорооны засаг дарга нар маш их улс төрждөг. Багтаа хамгийн олон хамаатан садантай, ээлж халаагүй дарга хийдэг байдал үргэлжилсээр байгаа. Хаалгаа түгжиж байгаад нэг хэсэг нь баг, хорооны засаг даргыг томилдог байдал сүүлийн 20 гаруй жил үргэлжилсэн. Тиймээс сум дүүрэг баг хорооны даргыг шууд томилдог байх нь зөв."

Хуулийн төслийн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүд санал хэллээ.