У.Хүрэлсүх Н.Энхболд Р.Дагва 2019.06.20 | НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “ДУРСАМЖ УУЛЗАЛТ” энэ сарын 21-нд болно

Үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “ДУРСАМЖ УУЛЗАЛТ” энэ сарын 21-нд болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” энэ сарын 21-ний өдөр болно.

Нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр эл арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. Анх удаагаа болох гэж буй уг арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулах юм. Арга хэмжээнд жагсаалын дарга болон бага даргаар цэргийн албыг хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн төлөөлөл, нийслэл, дүүргүүдийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн алба хаасан алба хаагчдын төлөөлөл зэрэг 1300 хүн оролцоно.

Арга хэмжээний талаар нийслэлийн Цэргийн штабын ахлах офицер Т.Мөнхбаяр “Цэргийн алба хааж, эх орондоо зүтгэнэ гэдэг эр хүний бахархал байдаг. Тиймээс алба хаасан эрчүүд тэр тухайгаа дурсаж, насан туршдаа бахархаж явдаг. Тийм учраас жагсаалын дарга болон бага дарга нарыг нэг дор цуглуулж, албанд зүтгэж явсан дурсамжаа хуваалцах боломж олгож буй нь уг арга хэмжээний нэг онцлог. Мөн цэргийг албыг хаах залуусын идэвхийг сайжруулах, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг ач холбогдол өндөртэй арга хэмжээ юм” гэсэн юм.

 Арга хэмжээнд Монгол Улсын ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав зэрэг олон зочид оролцоно.