Х.Нямбаатар 2019.06.20 | Өглөөний сонин

Х.Нямбаатар: Үндсэн хуулийг УИХ дангаараа батлах ёсгүй

Х.Нямбаатар: Үндсэн хуулийг УИХ дангаараа батлах ёсгүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас дараах асуултад хариулт авлаа.


-Улс төрийн жижиг нам, эвсэл Үндсэн хуулийг нэг нам дангаараа өөрчлөхийг эсэргүүцэж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд Үндсэн хуулийг УИХ дангаараа батлах ёсгүй. Нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах аваас түүнийг дагаад хэд, хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага тулгарна. Тухайлбал, хуулийн өөрчлөлтөөр орон нутаг өөрөө татварын эрх мэдэлтэй болно. Иргэдийн дунд сард хоёр удаа татвар төлж болзошгүй гэх хардлага байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Зарим төрлийн татварыг тогтоох эрх одоо ч орон нутагт бий. Бид суурин соёл иргэншилтэй, хот болон нийтийн аж ахуйн маш их зардал төлөвлөдөг. Гэхдээ хэн нэгэн хүнд татвар давхардуулж оногдуулдаг тогтолцоо байх учиргүй. Бид асуудалд судалгаа, тооцоогүй хандаагүй. Энэ ч утгаараа суурин соёл иргэншилд нийцсэн хот нийтийн аж ахуйн төлөвлөлт хийх шаардлагатай.

-Жишээ нь?

-Төвлөрсөн суурин газар бүр агаарын бохирдолтой болчихлоо. Цэвэрлэх байгууламж, утаа зөвхөн Улаанбаатарын асуудал биш боллоо. Бүх аймагт тулгамдаж байгаа асуудал болсон байна. Хогоо хэрхэн устгах нь ч адил асуудал болоод байна шүү дээ. Тиймээс эдгээр асуудалд чиглэсэн зохицуулалтыг оруулж ирэх хэрэгтэй юм.

-Орон нутгийн иргэдээс нийслэл, аймгийн ИТХ-ыг байхгүй болгох санал ирсэн гэж сонссон. Аль аймгийн иргэд ийм санал гаргасан юм бэ?

-Давхардсан тоогоор 5.5 сая санал ирсэн. Яг тэр аймгийн иргэнээс тийм санал ирсэн гэж хэлэх боломжгүй. Гэхдээ анхан шатанд суурилсан төлөөлөл нь дүүргээ, дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг байгуулна гэж байна. Энэ чинь гадны оронд хэрэглэж байгаа бэлэн загвар юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд намын санхүүжилтийг төсвөөс гаргах асуудлыг тусгасан ч УИХ-д суудал аваагүй нам гэж тодорхой зааж өгөөгүй харагдсан. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх намыг төсвөөс санхүүжүүлнэ гэж ойлгох уу?

-Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох саналд тулгуурлаж ийм заалт оруулсан. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилт далд хэлбэрт байна. Энэ утгаар нь сонгуульд тодорхой босго давсан намын санхүүжилтийг төсвөөс шийднэ.