Б.Энх-Амгалан 2019.06.20 | Монголын мэдээ сонин

Б.Энх-Амгалан: Зам урссан нь байгалийн давагдашгүй хүчин зүйл

Б.Энх-Амгалан: Зам урссан нь байгалийн давагдашгүй хүчин зүйл

Монголын мэдээ, Н.Пунцагболд

Ихэнх нутгаар зүсэрсэн бороо орсны улмаас зарим газар засмал зам эвдэрч, хөдөлгөөн хаасан билээ. Тэгвэл зам эвдэрснээс болж улсад ямар хохирол учирсан, хэзээ засаж дуусах, цаашид замын чанарт хэрхэн анхаарах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа. 

-Замын компаниуд чанар­гүй зам тавьдаг талаар иргэд маш их шүүм­­жилж байна.  Бороо ороход л зам нь урсаад алга болчих­дог. Үүний цаана тат­вар төлөгчдийн мөнгө л үрэн таран болж байна гэх шүүмж­лэл гарч байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Үер бууна гэдэг байгалийн хүчин зүйл. Замын бүх суурь урсаад алга болчихож байхад бид яах юм бэ. Зам муу тавьсан гэж хэлэх үү. Долоон метрийн өргөнтэй зам тэр чигтээ урсаад алга болчихож байна. Энэ байгалийн хүчин зүйл. Хэзээ бороо орж, үер усны гамшиг болохыг хэлж мэдэхгүй шүү дээ. Жишээлбэл, хоёр жилийн өмнө тавьсан замын доогуур 10 метрийн өндөртэй идэгдчихсэн байна. Байгалийн хөрс тэр чигээрээ үерийн усанд идэгдээд, нурчихсан байна. Замын чанараас болсон гэж ойлгож болохгүй. Усан жаран эхэлж байна, бороо хур элбэгтэй байх нь. Тиймээс бид энэ нөхцөл байдалд бэлтгэх шаардлагатай болчихож. АЗЗА компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа. Машин техник нэмж гаргаж, эвдэрсэн замуудыг яаралтай засаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Баянхангай чиглэлийн хоёр, хойшоо сум руу чиглэсэн таван км замыг засах хөрөнгийг улсын нөөцөөс гаргах асуудлыг хэлэлцэнэ. Дахиад хэлэхэд, замын суурь урссан нь үерээс болсон. Муу зам тавьж байсан өмнөх түүхүүд бий. Гэхдээ бүгдээрээ муу зам барьсан юм шиг ярьж болохгүй. Өөр нэг асуудал нь зам барилаа, дээгүүр нь 100 тоннын даацтай машин яваад байвал эвдрэхгүй яах юм бэ. Тиймээс бид явуулын пүү тавьж, даац хэтрүүлж явж байгаа асуудлыг шалгаж байна. 

-Засмал замын зузааны стандарт нь хэдэн см байгаа вэ. Нэг км замыг барих өртөг нэмэгдсэн үү?

-Өмнө нь таван см байсан. Одоо найман см болгож нэмэгдүүлсэн. Дарханы чиг­лэлийн зам гэхэд 70 см-ын зузаантай болж эхэлж байна. 20 см нь хайрган хучилт, дээр нь 40 см цементээр хучина. Дараа нь найман см асфальт тавина. Тэгэхээр энэ зам  даацын хувьд сайн болно. Нэг км замын өртөг янз бүр байдаг. Замын нөхцөл байдлаасаа л шалтгаална. 1.5-2 тэрбум төгрөг. Тухайн замд хэр олон гүүр, хоолой, байгууламж хийж байна. Уул, хад хэр ихтэй газар барих вэ гэдгээс нь шалтгаалж, янз бүрийн үнэтэй байгаа юм. Энэ жилийн барих замууд өөр,  олон улсын тендерийн зарчмаар ажлаа хий­нэ. Азийн хөгжлийн банк өөрийнхөө зарчмаар тендерээ шалгаруулсан. Тэнд Монголын компаниуд тэсэж үл­дэж чадаагүй. Яагаад гэвэл, барьцаа хөрөнгийн шалгуур өндөр байсан. Өмнө нь том том төслүүдэд оролцож, ажил­­ла­сан байх шаардлага тавьсан. Тиймээс эдийн зас­гийн чадвартай, техник хэрэгс­лийн хувьд хүчин чадал сайтай, ажлын туршлагатай ком­паниуд энэ ажлыг хийж байгаа. 

-УИХ-ын гишүүд өөрс­дийн харьяалал бүхий ком­паниар дам­жуулж тендер аваад, дараа нь чанар­гүй зам тавьсан гэх асуудал үүсдэг талаар хэл ам гардаг. Тендерийн шал­га­руулалтыг яаж явуулдаг юм бэ?

-Засгийн газар нэг зүйлд ан­хаарч байгаа. Яам өөрөө тендер зарлахгүй болгоход ан­хаарч байгаа гэсэн үг. Тендер зарлахгүй байна гэдэг яам аж ахуйн ажилтай зуу­рал­дах­гүй, бодлогоо барихад ан­хаарч байгаа хэрэг. Энэ маш зөв. Цаашдаа Засгийн газар Худалдан авах ажил­ла­гаа­­ны газрыг агентлаг бол­гох та­лаар ярьж байгаа. Тэгж байж мэргэжлийн бай­гуул­­лага ажлаа хийдэг, хяналт шал­­гал­­таа тавьдаг болно. Тийм ч болох ёстой. Яам зөв­хөн бодлогоо л барих ёстой юм. 

-Үерийн улмаас хаана хаана, хэчнээн км зам эвдэрсэн бэ. Эвдэрсэн замыг засахад хэдэн төг­рөгийн төсөв шаард­ла­га­тай байна. Хохирлын хэм­жээг тооцож гаргасан уу?

-Одоогоор хохирлын хэм­жээг тодор­хойлж амжаа­гүй байна. Мэргэж­лийн хүмүүс газар дээр нь очиж шалгаж, хохирлын хэмжээг тооцож байгаа. Төв аймгийн Баянхангай, Лүн сумын чиглэлд маш их хэмжээний усархаг бороо орсон. Үүний улмаас зам сэтэрсэн. Сэтрэх нь битгий хэл урсаад алга болчихсон. Түр зам тавьсан. Гэтэл тавьсан түр зам бас урсчихсан. Бороо тасралтгүй орсон. Тиймээс хоёр өдөр зам хаалаа. Эхний мэдээллийг лхагва гарагт /өчигдөр/ Засгийн газарт өгнө гэж тооцож байгаа. Цаашлаад хохирлыг нарийн тооцно. Баянхангай сум чиглэлд нэг км зам урсч алга болсон. Дундговь чиглэлд 10 орчим км замын доогуур үер идэж, орсон. Далан, хоолой ихээр сэтэрсэн. Автозамын зорчих хэсэгт нөлөөлөөгүй. Гэхдээ зам цөмрөх эрсдэлтэй гэж үзээд зогсоосон. 

-Үерийн далан, хоолой дутмаг учраас зам эвдрээд, урсаад байгаа юм биш үү. Эсвэл яах аргагүй байгалийн давагдашгүй хүчин зүйл үү?

-Үерийн далан, хоолой бай­гаа. Зөвхөн Дарханы замд гэ­хэд мал, амьтан гарах зориу­лалт бүхий 29 том хоолой бий. Мөн 72 том үерийн су­ваг, шуудуу бий. Гэтэл үерийн усаар шавар шавхай, хайр­га, дайрга урсч ирээд, суваг, шуу­дууг таглачихдаг. Тийм боло­хоор яах аргагүй бай­га­лийн давагдашгүй хүчин зүйл. Тиймээс бид байгалийн хүчин зүйлийг ч тооцох шаард­лага байна. Энэ зун нэлээд бороотой байх нь. Хаа сайгүй л ийм нөхцөл байдал үүсэх магадлалтай. Тиймээс иргэд цаг агаарын нөхцөл байдлыг харж, мэдээ сонсч, замд га­рах­гүй баймаар байна. Мөн цаг агаарын нөхцөл хүн­дэр­сэн үед иргэд цагдаа болоод Онцгой байдлын газ­рын албан хаагчдын үгэнд орох хэрэгтэй. Зам хаачихаад, нөх­цөл байдал хүндэрчихсэн бай­хад зөрсөөр байж яваад үерт урсчихдаг. Монголчууд өөрс­дөө жаахан хариуц­ла­га­тай болооч ээ. Үхэхээ унтахын чинээ бодож байна гэдэг шиг хандаж, явж болох­гүй. Онцгой нөхцөл байдал зарласан үед тэр шийд­вэ­рийг дагах л хэрэгтэй. Яараад байна гэсэн ганцхан үгээр амь насаа эрсдэлд оруулж болохгүй. 

-Монголын замын зу­заа­ныг гадаадынхтай харьцуул­­сан зураг цахим хууд­­сууд оруулсан байна би­лээ. Лүнгийн зам гэхэд тал­­хан дээр масло түрх­чих­­сэн юм шиг нимгэн харагд­сан. Зам бариад дуус­са­ны дараа зузаан нь стандартдаа хүрсэн үү гэд­гийг шалгадаг уу. Энэ жил баригдах замуудын зузаа­ныг нарийвчлан шал­гана биз дээ?

-Өмнө нь улсын стардант 5-6 см байсан. Шинэчлэгдээд 7-8 болсон талаар түрүүнд хэл­сэн. Тиймээс шинэ замуу­дыг стандартын дагуу л барина. Түүнээс гадна, ачаалал ихтэй замуудад цементэн суурийн хучлага хийж өгөхөөр болсон. Ингэвэл нэлээд зузаан болно. Дарханы замд ямар хучилтууд хийж өгөх талаар би түрүүнд бас хэлсэн дээ. Ингэж хийвэл маш зузаан, даац сайтай зам болно. Гэхдээ 100 см зузаан зам тавилаа ч гэсэн доорх суурийн шороог нь үер идээд, урсгачихвал ямар ч аргагүй шүү дээ