2019.06.21

Монгол Улсын хэмжээнд 36 аж ахуйн нэгж шуудангийн үйлчилгээ эрхэлж байна

Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа.

“Шуудангийн бүх төрлийн үйлчилгээг Монгол Улсын бүх иргэн, өрх, байгууллага бүрт тэгш хүртээмжтэй хүргэх боломж бүхий шуудангийн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөн хөгжүүлнэ” гэж Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого зэрэгт тусгасан. Мөн “хаягжилтын системийн уялдааг сайжруулж, нэгдмэл болгоно” гэж тусгажээ. Тиймээс хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага энэ салбарт урган гарсан юм. Үүний тулд эрх зүйн баримт бичиг болох Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын Засгийн газраас боловруулсан юм.

 

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим нэр томъёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлж, шуудангийн салбарын бодлого, зохицуулалтыг хариуцсан байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг зааглан, салбарын удирдлага, зохион байгуулалтын давхардал, илүү шат дамжлагыг арилгахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ. 

Мөн шуудангийн салбарт шинээр нэвтэрч байгаа интернэт болон цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологитой холбоотой харилцааг хэрхэн зохицуулахыг тодорхойлсон байна.

Өнөөдөр шуудангийн харилцаа интернэтэд болон цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээ, технологи нэвтэрч байна. Нөгөө талаас, хүний хөгжлийн явц дахь хотжилт, амьдралын хэв маягийн шинэ төлөвшил, хувьслыг дагаж дэлхийн улс орнуудын шуудангийн үйлчилгээний ангилал, төрөл нэмэгдэж, шинэчлэгдэж байна. Тухайлбал, цахим шуудангийн үйлчилгээнд виртуаль хүргэлт, ложистик үйлчилгээ зэрэг шинэ нэр төрлийн 120 гаруй үйлчилгээ нэвтрээд байна.

Монгол Улсын хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгж шуудангийн ашиглалт, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл эзэмшиж байгаа хэдий ч 36 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь шуудангийн салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нэвтрэх, үйл ажиллагаагаа явуулах хууль, эрх зүйн орчин төдийлөн таатай бус байгааг харуулж байгаа юм.

Түүнчлэн шуудангаар үйлчлэгчид шуудангийн үйлчилгээний чанар, үндэсний стандартыг хэрхэн хангаж байгаа тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх, сүлжээнд нь бусад үйлчлэгч холбогдоход өөрийн сүлжээг нээлттэй байлгах үүргийг хүлээлгэж, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч нь шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгслийг зохих журмын дагуу бусад үйлчлэгчид ижил нөхцөлөөр түрээслүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед шуудангийн маркын тодорхойлолтыг дэлхийн шуудан холбооны конвенцид нийцүүлэн өөрчлөн найруулж, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэнд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавихаар, мөн үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам баталж, хэрэгжүүлэх гэсэн заалтыг төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдийн гаргаж байсан санал

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

"Интернэт, цахим сүлжээнд суурилсан шинэ үйлчилгээнүүд нэвтэрч байна. Энэ бүхэн шуудангийн хуульд байхгүй учраас шинэчлэх шаардлага байсан. Хаягжилтын асуудал бүрэн шийдэгдэж чадахгүй байгаа учраас хаягаар хүргэх үйлчилгээ эрхлэхэд бэрхшээл тулгардаг. Тэр дундаа гэр хороололд хүргэх асуудал хүнд байна.”

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

“Монгол улсын Засгийн газар 2019 оныг "Иргэн төвтэй үйлчилгээний жил" болгож зарласан. Мөн мэдээлэл, технологийн салбарыг тэргүүлэх чиглэл хэмээн үзэж байгаа. Энэ жил "Хур" системийг нэвтрүүлсэн гэх мэт олон чухал ажлыг хийж байна. Шуудагийн салбарт цахим үйлчилгээний дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй байгаа юм.”

Мөн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Олон Улс хоорондын шуудангийн илгээмжийн зохицуулалтыг илүү тодорхой болгох хүрээнд улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, шуудангийн хууль болон холбогдох  бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх,  мөн улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарах гэсэн зарчмын өөрчлөлтийг тус тус тусган баталсан юм.