2019.06.21

Төрийн нэрийн өмнөөс гэрчлэгчид эрх зүйн таатай орчинд ажиллана

Монгол Улсын Их Хуррлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа.

Үүнээс өмнө Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлага байгааг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд нэмэлт оруулах, өөрчлөн найруулах, өөрчлөх, хасах, хүчингүй болгох тухай 6 зүйлтэй бөгөөд төсөлд дараахь зарчмын өөрчлөлтийг тусгажээ.
  • Гадаад улсын жишиг, хандлага, өөрийн орны онцлогт тохируулан нотариатын үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх шалгуурыг тогтоолоо. Нотариатч нь хуульч болж байгаатай холбогдуулан хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх зохицуулалтыг төсөлд тусгалаа.
  • Нотариатын тухай болон аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг тул нотариатын үйлчилгээ нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд хамаардаг. Гэтэл нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн хувиар төрийн гэрчлэх чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүний баталгаа нь нотариатч ажиллах боломжгүй тойрог, хилийн чанадад Засаг даргын Тамгын газрын дарга, Дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа явдал юм.

Түүнчлэн нотариатын үйлчилгээний хөлс, зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлдэг бөгөөд нотариатч өөрөө үйлчилгээний хөлс, зардлаа тогтоох боломжгүй байдаг. Иймд хуулийн төслөөр Нотариатын танхимыг нийтийн эрх зүйн этгээд болгох тухай заалтыг төсөлд тусгалаа.

2018 онд иргэдэд үзүүлсэн нотариатын үйлчилгээ

  • Нотариатын тухай хуульд зааснаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох бүрэн эрхтэй хэдий ч энэ талаарх зохицуулалт хэт ерөнхий байгаагаас тусгай зөвшөөрлөө хугацаагүйгээр түдгэлзүүлэх, үйл ажиллагаагаа явуулахгүй байх тохиолдол байсаар байна.
  • Хууль зүйн сайдын 2015 оны тушаалаар 66 нотариатын тойрогт 317 нотариатч ажиллахаар нотариатын тойрог, орон тоог шинэчлэн тогтоосноос 2018 оны байдлаар 300 нотариатчид тусгай зөвшөөрөл олгож, үүнээс 27 нотариатч тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн болон бусад шалтгаанаар үйл ажиллагаагаа явуулахгүй байна.

Энэ нь нэг талаас иргэдийн нотариатын үйлчилгээ авах эрхийг хязгаарлаж байгаагаас гадна олон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваад түүнийгээ ажилгүй байх хугацаандаа эрхлэх, тэтгэвэрт гарах хүртлээ нөөцлөх зэрэг хандлага, нөхцөлийг бий болгож байна.

Иймээс хуулийн төслөөр нотариатын тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж, тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг болгох, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх зэрэг зохицуулалтыг нэмж тусгалаа.

  • Нотариатч ажиллах боломжгүй алслагдсан засаг захиргааны нэгж, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаас эрх авсан нотариатын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа бөгөөд тэдгээр нь үндсэн ажилтай уг үүргийг хавсран гүйцэтгэдэг хуульч бус албан хаагч байгаагаас зарим хүндрэл бэрхшээл үүсдэг байна. Иймд нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарын гэрчлэх нотариатын үйлдлийг тодорхой хязгаартай болгох, тэдгээрийг сургах, давтан сургах зохицуулалтыг мөн хуулийн төсөлд оруулсан. Одоогийн байдлаар орон нутагт 293 нотариатын үүрэг гүйцэтгэгч ажиллаж байна.
  • Нийгмийн хөгжлийг даган нотариатын шинэ төрлийн үйлдэл болох “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хадгалах, бусдад шилжүүлэх” талаарх нарийвчилсан зохицуулалтыг хуулийн төсөлд нэмж тусгалаа.
  • Нотариатчдын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нэг мөр ойлгогдохгүй байгаа хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томьёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг хуулийг боловсронгуй болгох чиглэлээр шинэ зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Нотариатын тухай хууль нь;

54 зүйл,

185 хэсэг,

115 заалттай бөгөөд

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар

5 зүйл,

10 хэсэг,

16 заалт шинээр нэмж,

2 зүйл /дотроо 12 хэсэг, 6 заалт бүхий/,

51 хэсэг,

27 заалтыг ямар нэг байдлаар өөрчилж,

7 хэсэг,

1 заалтыг хүчингүй болголоо.

Энэхүү өөрчлөлт нь нийт

7 зүйл,

80 хэсэг,

50 заалтыг хөндсөн буюу

Нотариатын тухай хуулийн зүйл, хэсэг, заалтын 50 хувьд хүрэхгүй байгаа бөгөөд уг хуулийн үзэл баримтлал, зарчмыг өөрчлөөгүй тул нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр батлагдсан юм.