О.Баасанхүү 2019.06.24 | Үндэсний Шуудан

О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгчийн 14 жил төр барих замыг засах нь

О.Баасанхүү: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгчийн 14 жил төр барих замыг засах нь

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-УИХ 19 жилийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Та төслийг хэлэлцэж буй чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа нь УИХ дахь АН-ын зөвлөлтэй нэгдсэнээс болсон уу. Эсвэл хувь гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжихгүй байгаа юм уу?

-Би өөрөө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлагчдын нэг нь. Мөн Эрдэнэтээс УИХ-д сонгогдсоны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл эрдэнэтийнхэнд би хотын статусыг бий болгож, өөрийн төсөв санхүүгээ захиран зарцуулдаг болгоно гэж амласан. Энэ мэт шалтгаанаас болж би төслийг дэмжиж байгаа. 

Асуудлын гол нь энэ хуулийн төслийг хэлэлцэх процессын алдааг эсэргүүцээд байгаа юм.

-Ямар алдаа байна вэ?

-Бид мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж, парламентаа бүрдүүлсэн. Энэ тогтолцооны онцлог нь үнэмлэхүй олонх нь ялалт байгуулснаас үл хамааран эрх баригч, сөрөг хүчний харьцаа 51, 49 хувь байдаг. 

Өөрөөр хэлбэл, нэг суудалтай ч сөрөг хүчин болно гэсэн үг. Энэ утгаараа сөрөг хүчнүүд аливаа асуудалд хяналт тавих ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ 49 хувь буюу сөрөг хүчний талынхнаас асууж, зөвшилцөх ёстой.

Үүнээс гадна бүх ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлж, оролцох нь зүйн хэрэг. Гэтэл нэг нам дангаараа хэт олонхдоо бардаж, улайран дайрч байна. Тиймээс үүнийг эсэргүүцэж, сөрөг хүчинтэйгээ зөвшилцөж, ярилцах хэрэгтэй гээд байгаа юм.

-Нэг нам дангаараа эрх барьж байх үедээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа гэж ойлгож болох уу?

-Нэг нам хэт олонхоороо эрх барих үедээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэхдээ гурван зүйлийг хангах ёстой. Нэгдүгээрт, одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хэлэлцэх, хоёрдугаарт, ард түмний нийтлэг төлөөллийн зарчмаар зөвшилцөх, гуравдугаарт, бүх ард түмнээр хэлэлцүүлж батлах шаардлагатай.

Эдгээрийг хангахгүйгээр МАН-ын Үндсэн хууль гэж үзэж байгаа бол батал л даа. Ард түмний Үндсэн хууль учраас ярилцъя гээд байна шүү дээ. Би ийм л хатуу байр суурьтай байна. Хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг ч гаргахгүй хүч түрэн хэлэлцэж байгааг нь эсэргүүцэж байна.

-Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан шүү дээ?

-Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. МАН-ын нөхдүүдээс гадна цөөнхийн төлөөллийг оролцуулсан зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах нь зөв. Яг ямар саналд сөрөг байр суурьтай байгаа вэ, ямар саналыг нь дэмжиж байна вэ гэдгээ ярилцаад цааш явах ёстой гэж бид үзэж байгаа. Жишээлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “хууль” гэж оруулсан байгаа юм. 

Харин Үндсэн хуульдаа “нэмэлт, өөрчлөлт” гэж тусгасан. Гэтэл төслийг өргөн барьсан нөхөд Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэж нэрлэсэн байна. Тэгвэл журмын хуулийнхаа заалтыг хүчингүй болго л доо.

Хэрвээ төслийг баталсны дараа нэг төр самрагч нь Үндсэн хуулийн Цэцэд хандвал яах вэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх дэгийн хуулиар УИХ гишүүн 10 минут нэг сэдвээр ярина гэж байгаа юм. 

Энэ чинь хэлэлцүүлэг шүү дээ. Гэтэл хэлэлцүүлэг өрнүүлэх, эсвэл хэлэлцүүлсэн асуудлыг батлах гээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Ердийн хуулийг хэлэлцэхэд дэгээрээ УИХ-ын гишүүн таван минут үг хэлдэг. Энэ бол хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм биш. Бид хэлэлцсэн асуудлыг баталж байгаа юм. Харин Үндсэн хуулийг хэлэлцүүлгийн журмаар батлах ёстой.

-УИХ дахь МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн саналыг авах албан бичиг хоёр удаа хүргүүлсэн. Гэсэн ч ямар нэгэн санал ирээгүй гэдгийг хэлж байсан?

-УИХ-ын Тамгын газрын даргынх нь мэдэгдэл байгаа. Ерөнхийлөгчийг чуулганы хуралдаанд оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсэж болно. Харин Ерөнхийлөгч ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй бол ард түмнийхээ өмнө хэлнэ биз. Хөшигний ард хоорондоо ярьж байгаагаа ингэж хэлж болохгүй. Энэ бол МАН-ын энэ увайгүй үйлдэл.

-Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь нэг удаа зургаан жил байх зохицуулалтыг дэмжиж байгаа юу?

-Энэ зохицуулалтаас харахад одоогийн болоод өмнөх Ерөнхийлөгч нар 14 жил эрх барих асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн бүрэн эрхээ эдэлчхээд 2021 оны сонгуульд дахин ялалт байгуулаад зогсохгүй 2025 оноос дахин зургаан жил Ерөнхийлөгч болох боломжтой. 

Энэ хуулийн төслөөр өмнө нь Ерөнхийлөгч байсан хүн өрсөлдөж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй учраас одоогийнх ч гэлтгүй өмнөх Ерөнхийлөгч нар 2025 оноос дахин нэр дэвшиж, өрсөлдөх боломжтой гэсэн үг.

Тиймээс өмнө нь Ерөнхийлөгч болсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтыг нэмэх шаардлагатай. Энэ зохицуулалтад ард түмэн ямар байр суурьтай байгааг асуумаар байна шүү дээ.

-Та энэ саналаа ажлын хэсгийнхэнд хэлсэн үү?

-Би хэлээд хүлээж авахгүй байна шүү дээ. Ц.Элбэгдоржийг дахиад зургаан жил, Х.Баттулгыг дахиад 10 жил төр бариасай гэж бодохгүй байна. Хэдийгээр эрхийг нь хязгаарлана гэж байгаа ч Ерөнхийлөгч бол Ерөнхийлөгч шүү дээ. Эрх баригчид Ерөнхийлөгч болох хүний насыг 55 гэж зааж байгаад өмнө нь Ерөнхийлөгч хийсэн хүмүүст дахин зам засаж өгч байна. 

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалтыг 2025 оноос биш бусад өөрчлөлттэй адил 2021 оноос хэрэгжүүлж болно шүү дээ. Үндсэн хуулийн нэг үг өөрчлөгдөхөд бүх зүйл өөрчлөгдөнө. Тиймээс О.Баасанхүүгийн намтай, намгүй, УИХ-ын гишүүн байна уу, үгүй юү гэдэг нь чухал биш.

Өнөөдөр хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улсын иргэдийг төлөөлж, Орхон аймгаас сонгогдсон нь үнэн. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах гэж байхад би хариуцлагатай ажиллах ёстой. Хүчээ тарамдуулж, ганцаараа гадна гарч шоу хийж болохгүй. Ард түмнээр “О.Баасанхүү уг нь гоё байна л даа. Даанч ганцаардаад байх юм” гэж хэлүүлмээргүй байна. Энэ чинь Үндсэн хуулийн асуудал шүү дээ.

Би чуулганы завсарлагааны хугацаанд ард түмэнтэйгээ хэлэлцүүлэг хийе гэж бодож байна. Шаардлагатай бол ард түмэнтэйгээ нэгдэж, тэмцлийн хурц хэлбэр рүү орно.

-УИХ-ын гишүүд тойргийнхондоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж байна. Та тойрогтоо ажиллаж байна уу?

-Үндсэн хууль бол 7-8 хоногт танилцуулах асуудал ч биш л дээ. Би Эрдэнэтэд очиж энэ талаар их ярьсан. 2017 онд иргэдээр хэлэлцүүлж, 3-4 мянган хүний санал авчирсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэсэн нь эрх баригч нам сонгуулийн өмнө өөрт ашигтайгаар хууль өөрчилдөг байдал үргэлжлэх нь гэж зарим гишүүн эсэргүүцэж байсан. Та энэ зохицуулалтад ямар саналтай байгаа вэ?

-Үндсэн хуулиар сонгуулийн пропорциональ тогтолцоотой болгох гээд байна. МАН 100 жилдээ хамгийн мундаг нь гэж рекламдаж байгаад л жагсаалтын хуулиар хуучны хүмүүсээ дахин гаргахгэжбайгаа юм. Ч.Улаан, Ц.Нямдорж нар 30 гаруй жил төрд байх нь. Хүмүүс залхаж байна шүү дээ.  Хүн дөрвөн жил УИХ-д суугаад үр жимс нь гараагүй бол дахин итгэл өгөх хэрэггүй.

-Таныг УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэхээр цаашдаа АН-д элсэх нь гэж таамаглаж байгаа хүн олон байна. Таамаг хэр үнэний ортой вэ?

-Таамгийг хоёр талаас нь тайлбарлаж болно л доо. Нэгдүгээрт, ард түмэн бүрэн мэдээлэлгүй байна. Намайг АН-ын дарга С.Эрдэнэтэй хамтран ажиллаж байгаа юм шиг ойлгоод байна. Хоёрдугаарт, намайг ирэх оны УИХ-ын сонгуулийг угтаж, агь нэг нам руу орох гээд байна уу гэж хардаж байгаа юм.

Өнөөдөр АН-ын дарга хэн байх нь хамаагүй. Би УИХ дахь АН-ын зөвлөлтэй нэгдэж, зөвшилцөх шаардлагатай бол тэр хүнтэй л уулзаж, ярилцана шүү дээ. Тэр дарга нь надад таалагдах, үгүй нь хамаагүй гэсэн үг.

Сэтгүүлч Б.Цэнд-Аюуш