ӨМӨЗО-ны Ордос хотод “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг” боллоо
2019.06.24

ӨМӨЗО-ны Ордос хотод “Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг” боллоо

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-т заасан Зүүн хойд Азийн бүс нутгийн хүн ам олонтой, харилцаат хотуудад Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах ажлын хүрээнд, нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод 06-р сарын 20, 21-ний өдрүүдэд “Монгол Улс, Улаанбаатар хотын соёл, аялал жуулчлалыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.

Ордос хотын Лань Жинь зочид буудлын хурлын танхимд, ӨМӨЗО-ны Ордос хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хамтарсан аялал жуулчлалын сурталчлах хурал зохион байгуулагдлаа.
Энэ үеэр Ордос хот болон Улаанбаатар хот хооронд соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичигт Ордос хотын Ардын засгийн газрын орлогч дарга Лиү Жиан Шюн, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нар гарын үсэг зурлаа.

Мөн энэ үеэр хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг төлөөлж Монголын талаас Чингисийн тоонот, Өнөрговь, World classic travel компаниуд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид Улаан мөрний талбайд Ордос хотын иргэдэд зориулан задгай талбайд урлагийн тоглолт үзүүллээ.

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын алтан гурвалжингийн нэг болох Ордос хот нь 2018 онд 14,5 сая жуулчин хүлээн авч /+18,3%/, аялал жуулчлалын салбарын орлого нь 44,1 тэрбум юань хүрсэн нь өмнөх үетэй харьцуулахад 16,7%-ийн өсөлттэй гарсан байна.