Ц.Цогзолмаа 2019.06.25 | Montsame.mn

Ховд аймгийн иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл танилцуулав

Ховд аймгийн иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл танилцуулав

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, иргэд, олон нийтийн санал авч байна.

Үүнтэй холбогдуулан Ховд  аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд орон нутгийнхаа иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад орон нутгийн удирдах ажилтан, төрийн албан хаагч болон иргэд хөдөлмөрчдийн төлөөлөл 500 гаруй хүн оролцож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй илэрхийлэв.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүнд шинээр тусгасан заалтын талаар УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Цогзолмаа нар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэ төсөл нь УИХ-ын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдал, шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдал, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй аж.

Үүнд, байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах, УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах, шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, албан томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох зэрэг заалт тусгасан байна. Эдгээр заалт дээр уулзалтад оролцсон иргэд санал нийлж, нийгмийн шаардлагаар хуульд  нэмэлт өөрчлөлт оруулж байгааг дэмжихээ илэрхийллээ.

2010 оноос эхлэн УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоон удаа идэвхийлэн тавьж байсан ч хараахан хэлэлцэгдэлгүй өдийг хүрсэн. Харин одоо цаг үе, нийгмийн шаардлагаар эцэг хууль буюу үндсэн хуулиа илүү хүчирхэг болгох зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх нийтээрээ хэлэлцвэл хийдэлгүй хүчтэй хууль батлагдах боломжтой гэж албаныхан онцоллоо.  

Мөн үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт  ямарваа нэг хууль зөрчихгүй шударга болж, олон нийтийн оновчтой санал бодлыг бүрэн тусгаж, улмаар иргэд олон нийтийн санал асуулгаар дэмжлэг авах, алдаа мадаггүй батлагдах нь монгол төрийн эрхэм зорилго гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ сарын 06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн ба зургаадугаар сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 98,4 хувийн саналаар дэмжиж, нэг дэх хэлэлцүүлгийг хийсэнд тооцсон байна.