“Эрүүл мэндийн үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн танилцуулга
2019.06.24

“Эрүүл мэндийн үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн танилцуулга

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2016 оноос эхлэн 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн гол зорилго нь: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа  эмзэг бүлгийн хүн ам  болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ удаагийн үйл ажиллагаанд Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий аймаг, нийслэлийн Багахангай, Налайх дүүргээс сонгогдсон нэг нэг сум, өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжих тул тухайн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.

Төслийн хүрээнд 6 эрүүл мэндийн анхан шатны байгууллагаас 30 эмнэлгийн мэргэжилтнийг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалтад хамруулж,   ном, гарын авлага, 8 төрлийн мобайл болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 7 төрлийн урвалж, оношлуур, 8 төрлийн эмнэлгийн хэрэгсэл багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. 2019 онд нийт 70 гаруй мянган иргэдийг эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.