Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо
2019.06.26

Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвий зарлагын хяналтын дэд хорооноос өнөөдөр /2019.06.26/ Төрийн ордонд “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төсвийн тухай, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдаа холбоо, түүний хэрэгжилтийн байдал, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилготой тус арга хэмжээнд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нар, Аймаг, нийслэлийн Төрийн аудитын газрын дарга нар болон эрдэмтэн , судлаачдын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ, УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэхээс өмнө энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төсвийн зөв зарцуулалтад шилжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Тэрбээр мөн Төсвийн тухай хууль тогтоомжийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчны өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавилаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нээлттэй санал бодлоо илэрхийлсэн бөгөөд төгсгөлд нь зөвлөмж гаргалаа.

Уг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр дор бүрнээ анхаарах захиас даалгаврыг хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэллээ.