Б.Ганхуяг 2019.06.27 | News.mn

Зуны универсиад 2019 наадамд оролцох тамирчдыг үдэн гаргав

Зуны универсиад 2019 наадамд оролцох тамирчдыг үдэн гаргав

Италийн Наполи хотноо 2019 оны долдугаар сарын 03-наас 14-нд болох Дэлхийн оюутны спортын зуны XXX Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол МУИС-ийн төв номын сангийн 303 тоот эрдмийн танхимд болж, наадамд оролцох байт харваа, буудлага, жүдо, таеквондо, теннис, усан спорт, ширээний теннисний 7 төрлийн 33 тамирчин, 13 дасгалжуулагч, албаны нийт 46  хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хуран цугларав.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслолд Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Андрэа Дэ Фэлиптан, БСШУСЯам, БТСГазрын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, спортын долоон холбооны удирлагууд, ИДС-ийн захирал, биеийн тамирын удирдлагууд, төвийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар ирж мэдээлэл хийн, үг хэлж, амжилт хүслээ.

Ёслолын үеэр баг тамирчидыг төлөөлөн буудлагын үндэсний шигшээ багийн (ҮШБ) тамирчин ОУХМ Г. Нандинзаяа, таеквондогийн ҮШБ-ийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нар тангараг өргөж, МОСХ-ноос бэлтгэсэн Универсиадын албан ёсны хувцас Испаний “КЕЛМЕ” брендийн 7-н иж бүрдэл хувцасны дээжийг тамирчдад гардуулан өглөө. Наадамд оролцох жүдо бөхийн ҮШБ тамирчин, ОУХМ Ц.Цогтбаатарт Монгол улсын төрийн далбааг гардуулан өгөв.

Наадамд явах тамирчдад БСШУСЯам, БТСГазраас санхүүгийн дэмжлэг үзүүлэн, Италийн ЭСЯам, “Эрдэнэс Таван толгой” ХК, Голомт банк, МИАТ ХК, Кельме компани, спортын холбоод зохих туслалцааг үзүүлжээ.

Зуны Универсиад наадамд Монголын үе үеийн оюутан тамирчид анх 1965 оны Унгарын Будапешт  хотноо болсон наадмаас оролцож эхэлсэн ба 54 жилийн түүхтэй холбоотой явж иржээ. Түүнээс хойш Монголын тамирчид 21 дэх удаагаа зуны Универсиад наадамдаа хүчээ сорин үзэхээр ийнхүү бэлтгэлээ хангав. Монголын тамирчид зуны Универсиад наадмаас нийтдээ 53 медаль үүнээс алт-11, мөнгө-16 хүрэл-16 медалийг есөн төрлөөс хүртэн дэлхийн орнуудтай адил тэнцүү өрсөлдөн, бага олимп хэмээх дэлхийн оюутны Универсиад наадамдаа баг тамирчдаа тогтмол бэлтгэн оролцуулж ирсэн байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь наадамд баг тамирчидаа зохион байгуулж оролцуулдаг Олон улсын оюутны спортын холбооны бүрэн эрхт гишүүн, МОСХ-ны түүхт 30 жилийн ойн өдөр тохиосоноороо чухал онцлоготой байв. МОСХ нь 1989 оны 06 сарын 25-ны өдөр БТСУХороо, МХЗЭ, ШУТДБУХороо, МОХ-ны 4 байгууллагын шийдвэрээр анх байгуулагдсан түүхтэй. МОСХ нь 100 орчим ИДС-ийн 160 мянган оюутан залуучуудын дунд БТС-ыг хөгжүүлэх үйл ажиллагааг явуулах, уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах, олон улс, тивийн холбоонд Монгол улсыг төлөөлж, тэмцээн, наадамд баг тамрчидаа оролцуулдаг нийгэмд үйлчилдэг ТББайгууллага юм.

Эх сурвалж: Монголын оюутны спортын холбоо