С.Чинзориг Б.Саранчимэг 2019.06.28 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй оны шилдгүүд тодорлоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй оны шилдгүүд тодорлоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” ёслолын ажиллагаа “Блю скай” зочид буудалд боллоо.

2016 онд Засгийн газрын 136 дугаар тогтоолоор байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн санаачилгаар ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь сайн туршлагыг олон нийтэд түгээх,бусдад үлгэр дууриалал болгох томоохон ач холбогдолтойг ёслолыг нээж хэлсэн үгэндээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн тэргүүн С.Чинзориг онцлон дурдаад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой, салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал учир ямар ч бодлого, төлөвлөлтийн гадна үлдээх учиргүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, ээлтэй орчин, үйлчилгээг бий болгох зорилт тавин хуульчилсан олон асуудал байгаа ч шийдвэрлэгдэхгүй, хэрэгжилт хангалттай бус байгаа нь ч үнэн юм” хэмээсэн.

Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа  болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж үйлчилгээг, тэтгэмжийг нэмэгдүүлсэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагтай болсон, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборын ажлыг эхлүүлээд байгаа зэрэг бодитой олон ажлыг хийж хэрэгжүүлснээ сайд үгэндээ дурдсан.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ажлын байраар хангаж чадаагүй тохиолдолд төлөх ёстой ажлын байрны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоогоод байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудыг нэгтгэсэн дээвэр байгууллагыг байгуулж бодлого үйл ажиллагааг нэгтгэх чиглэл өгсөн зэрэг мэдээллийг ч өгсөн юм. Уулзалтанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Н.Оюундарь болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Анх удаа зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг тодруулах журмыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл баталсан бөгөөд нийт есөн номинацид нэр дэвшүүлэн өрсөлдүүлж шилдгүүдийг шалгаруулсан байна.

Шилдгийн шагналын анхныхыг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг ДЭД ЗӨВЛӨЛ-өөр  Хууль зүй,  Дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус   дэд зөвлөл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус шилдэг САЛБАР ЗӨВЛӨЛ-өөр Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй шилдэг БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА-аар Хөвсгөл аймгийн “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургууль

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА-аар Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг АЖИЛ ОЛГОГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГА-аар  “Скай хайпермаркет ХХК “

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг  ТӨРИЙН БОЛОН ТӨСӨВТ, ОРОН НУТГИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГА-аар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй шилдэг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА-аар “Mонгол HD” телевиз

Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН-ээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хоёрдугаар сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын ангийн багш Х.Пүрэвсүрэн.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-аар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хүртлээ.