Н.Амарзаяа 2019.06.28 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавилаа

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавилаа

Энэ сарын 25-ны өдөр “Эмэгтэйчүүд- Манлайлал” олон улсын чуулган манай улсад зохион байгуулагдсан. Энэхүү чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа "Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь" итгэлийг тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.


 

БҮХ ШАТНЫ ЗАСАГЛАЛЫН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ

Илтгэгч: УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье! 

УИХ-ын дарга Занданшатар, Швейцарын  холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтын ажиллагаа хариуцсан захирал, Ерөнхий консул Габриелла Спирли, иргэдийн хурлын төлөөлөгчид эрхэм хүндэт зочид  төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.

Дэлхий нийтээр хамтын хариуцлагаа ухармсарлаж, нэгдсэн зорилготойгоор урагшлах Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилтыг НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар 2015 онд баталж Монгол улсын их хурал  2016 онд Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг баталсанаар үндэсний онцлогтоо нийцүүлж Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх боломж нээгдсэн юм.

Өнөөдөр бас УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа гишүүн хүрэлцэн ирсэн байна, мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Оюундарь, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийнсайхан нар хүрэлцэн ирсэн байна та бүхэнд амжилт хүсч талархал илэрхийлье. 

Монгол улс Олон улсын өмнө хүлээсэн 17 амлалт, зорилгоо хэрхэн хэрэгжүүлж, ямар сорилт бэрхшээлийг даван туулж байгаа талаарх сайн дурын илтгэлээ энэ оны 7 дугаар сард НҮБ-ын өндөр хэмжээний чуулга уулзалтын үеэр анх удаа танилцуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү тайланд өнөөдөр зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн манлайлал чуулганаас дэвшүүлсэн зорилт, хүрэх үр дүнгийн талаархи хөндөгдсөн олон асуудлууд хамаарна гэдэгт найдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн улс төр, иргэний эрх нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах хамгийн ерөнхий, суурь зохицуулалт юм. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангана гэдэг нь хөгжил, хүний эрхийн асуудал юм.

Мөн улс төрийн амьдралд оролцох эмэгтэйчүүдийн эрхийг Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэх мэт олон улсын конвенциудаар хамгаалсан байдаг. Гэвч Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцид тусгасан уг эрхийг амьдрал дээр бодитой биелүүлэхэд ихээхэн хүч хөдөлмөр шаардагдаж байна. Энэ нь олон улсын жишиг үзүүлэлтээс харахад Монголын хууль тогтоогч эмэгтэйчүүдийн тоо 21.9 хувиар доогуур үзүүлэлттэй байна.

Шийдвэр гаргах түвшинд ялангуяа хууль тогтоох дээд байгууллага болон аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын хувьд Жендэрийн эрх тэгш байдлын хуулинд заасан квотууд хэрэгжиж чадахгүй байна. Өнөөдрийн эрчүүд давамгайлсан улс төрийн тогтолцоо нь жендерийн тэгш хүртэх боломжийг хязгаарласаар байна. Тухайлбал, 6-8 жилийн өмнөх жендэрийн мэдрэмжгүй бодлогын үр дагавар өнөөдөр гарч,

  • сургууль, цэцэрлэг, эмнэлэг хүрэлцээгүй,
  • нийгмийн халамж үйлчилгээний чанар, хүртээмж сул байна.
  • Мөн залуу гэр бүлийг дэмжих бодлого үгүйлэгдэж, эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн хэрэгсэл мэт хандах, зөвхөн халамж хүртэгч мэтээр үзэх, хүний үндсэн эрх зөрчигдөх явдал гарсаар байна.
  • Уул уурхай, дэд бүтэц хөгжин, эдийн засагт ахиц дэвшил гарч байгаа тухай ярьж байгаа ч түүнээс үүдэн хүн амын шилжих хөдөлгөөн, байгаль орчин, нийгмийн асуудлууд үүсэж, орон нутгийн иргэдийн эрх ч зөрчигдсөөр байна.

Эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоог улс төрийн шийдвэр гаргах түвшинд хангаснаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.

Өнөөдөр дэлхий нийтээр хүйсийн тэнцвэртэй, тэгш байдалд үндэслэсэн ардчилсан засаглалыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх тэгш боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна. Сонгуулийн тогтолцоог оновчтой мөн тогтвортой болгож эмэгтэйчүүд сонгогдох боломж илүү байгаа системийг хуульчлах, КВОТ тогтоох, квотыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлээгүйн улмаас хүлээх хариуцлага гээд зорилгодоо хүрэхийн тулд хэрэгжүүлэх механизмыг хамтад нь тусгаж ирсэн байна.

Дэлхийн хэмжээнд 2017.01.01-ний байдлаар Монгол улс нь парламент дахь эмэгтэйчүүдийн тоогоороо дэлхийн 193 орноос 115-д жагсаж байна. Өөрөөр хэлбэл, 76 гишүүдийн 13 нь буюу 17,1 хувь нь эмэгтэй гишүүд байгаа гэсэн үзүүлэлтээр 115-д байна. Энэ үзүүлэлтээр Дэлхийд нэгдүгээрт Риванда (Rwanda) 61.3 хувь буюу 80 суудлын 49 нь эмэгтэй гишүүн байна.  Хоёрдугаарт Болив (Bolivia) 53.1  хувь буюу 130 суудлаас 69-ийг нь эмэгтэйчүүд байна.

2017.01.01-ний байдлаар Монгол улс нь Эмэгтэйчүүдийн Яамдууд  дахь  албан тушаалын үзүүлэлтээр дэлхийн 186 орноос 120-д жагсаж байна. Өөрөөр хэлбэл, 16 сайдын 2 нь буюу 13,4 хувь нь эмэгтэй сайд гэсэн үзүүлэлтээр 120-д байна. Одоо бол Засгийн газарт 1 буюу 6,2 хувьтай байгаа. Болгор, Франц, Никорагуа, Канад, Швед, Словани зэрэг орнууд 50-52,9 хувийн үзүүлэлтээр эхний 6 байранд байна. Мөн дэлхийн 186 оронд  дээрх салбаруудад 1237 эмэгтэй сайд байгаа бөгөөд Байгаль орчин/Байгалийн нөөц/ эрчим хүчний салбарт хамгийн их нь буюу 108 эмэгтэй сайд ажиллаж байна.

УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх, суудал хадгалах, намын бүтэц зохион байгуулалтын бүхий л шатанд эмэгтэйчүүдийг дэмжих квот тогтоох, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах зэрэг нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чармайлтын нэг хэсэг юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжинэ гэдэг нь парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх төдий бус, харин чанарын өөрчлөлт гаргаж, улс орны хөгжлийн үр шим тэгш хуваарилагдахад хувь нэмэр оруулах явдал юм. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хамтын шийдвэрээр иргэд, улс үндэстнийхээ эрх ашиг, ардчилал, хүмүүнлэг, шударга ёсны зарчим бүхий тэгш эрхт нийгмийг цогцлоон бүрдүүлнэ гэсэн үг юм. Иймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг нийгмийн өргөн хүрээнд бий болгоход эрэгтэйчүүдийн оролцоо, дэмжлэг, түншлэл чухал билээ.

Монгол улс 1992 онд анх удаа ардчилсан Үндсэн хуулиа баталж хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрч парламентийн тогтолцоог бүрдүүлж хамгийн анхны УИХ 4 буюу 5,3 хувь эмэгтэйчүүд сонгогдсон бол 2016 оны сонгуулийн үр дүнгээр 76 гишүүний 13 буюу 17.1% нь эмэгтэйчүүд сонгогдсон байна. Мөн Одоо гүйцэтгэх засаглалын түвшинд нэгхэн эмэгтэй сайд, 5 эмэгтэй дэд сайд ажиллаж, төрийн нарийн бичгийн дарга нэг эмэгтэй харин аймаг, нийслэлийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүд байхгүй байгаа билээ.

Иймээс бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр одоогийн УИХурал хууль эрх зүйг сайжруулах, төвлөрөлийг сааруулах чиглэлээр илүү санаачлагатай ажиллаж байна.

Үүнд: 

1. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан 2 жил ажиллаж улмаар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг амжилттай хийж улс орон даяар нээлттэй өрнүүлж байна. Үүнд

  1. 1.1 Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч хуулийн 59.1-д Монгол улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн ИТХ мөн гэж заасан нь сум дүүрэг нь орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан цөм буюу үндсэн нэгж байж, иргэдийн амьдралын тулгамдсан асуудлууд, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг шийдвэрлэх чиг үүрэг, бүрэн эрхтэй байх, үүнтэй холбогдон нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан үйл ажиллагаа явуулах эдийн засгийн үндсийг бүрдүүлсэн чадамжтай байх үндсийг тодорхойлсон билээ. Өнөөгийн аймаг, нийслэлийн эрх мэдэл, чиг үүрэг сум, дүүрэг рүү шилжих хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой хийж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгжийг сум дүүрэгт төвлөрүүлэх замаар шийдвэрлэх нь оновчтой гэж үзсэн. Өнөөгийн байдлаар Монгол улсын 330 сумын ИТХ-ын даргын 47 нь буюу 14.2 хувь, 9 дүүргийн 3 буюу 33,3 хувь нь эмэгтэйчүүд ажиллаж байгаагаас харахад анхан шат болон шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо дундаж түвшинд байгаа бөгөөд энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн том суурь хөшүүрэг гэж харж байна. 2016 оны сонгуулиар 21 аймаг, 330 сум, 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15185 нэр дэвшигч 7299 суудлын төлөө өрсөлдөж 4530 эмэгтэй нэр дэвшигч байгаа бөгөөд 29,8 хувийг эзэлж байна. Энэхүү судалгаанд дүгнэлт хийж 9-10 сард энэхүү чуулганыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах саналыг дэвшүүлж байна.
  2. 1.2 Мөн хуулийн 60.3 Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд 4  жилийн хугацаагаар сонгож аймаг, нийслэлийн Засаг дарга 5 хоногийн дотор батламжилна гэж заасан нь төрийн нэгдмэл бодлого, нутгийн иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхлыг илэрхийлэх тэнцвэр хадгалагдаж ард түмний засаглал бэхжих үндсэн суурь тавигдаж байна. Тухайлбал өнгөрсөн хуулиар сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Засаг даргыг нэр дэвшүүлж байсан бол одоо нутгийн иргэдээс Засаг даргаа сонгох нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх суурь бүрдэж байна. 2016 оны сонгуулийн үр дүнгээр 330 сумын Засаг даргаар 33 буюу 10 хувь, 9 дүүргийн засаг даргаар 2 буюу 22,2 хувь нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна. Эмэгтэйчүүд өөрийн нам, бие даагаад ч болов мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж сум, дүүргийн Засаг даргад өрсөлдөх боломжийг энэхүү хуулиар олгож байна. Эмэгтэйчүүд өөрийн бодит амьдралаараа, аливаа зүйлд эзэн болдог хариуцлагаараа, нутаг орондоо алдаршиж буй нэр хүндээрээ, алсыг харж бодлого тодорхойлдог үнэт зүйлсээрээ ялгардаг гэдэгт би итгэдэг.
  3. 1.3 Мөн хуулийн 60,2 баг хорооны Засаг даргыг тухайн харьяалах сум дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан нь анхан шатны нэгж дээр ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг нийтлэг шинж байдаг бөгөөд улс төрөөс ангид байж, баг хороогоо хөгжүүлэх ийм үйлсийн төлөө  тэднийг  томилох нь төрийн ажлын ачааны хүндийг үүрч, үүрэг хариуцлагаа ухамсарлан, иргэдийнхээ төлөө тууштай зүтгэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
  4. 1.4  Бүх түвшний засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэхэд санхүүгийн салбар чухал байр суурь эзлэх бөгөөд УИХ-аар банк санхүүгийн салбарын багц хуулийг хэлэлцэн баталж валютын зохицуулалтын тухай, хөгжлийн банкны тухай, ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай зэрэг олон хуулиудыг хэлэлцэн санхүүгийн салбарын тогтвортой хөгжлийг ханган ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш бус байдлыг арилгахад чиглэгдсэн туршлагуудыг судлахаар УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын болон ОУ-ын Парламентын холбоонч хурал уулзалт, гадаадын олон хэмжээнд манлайлан оролцож байна. Тогтвортой хөгжлийн зорилтын 5 д Жендерийн тэгш байдлыг хангах бүх эмэгтэйчүүд болон охидод бүрэн эрх олгох гэж заасан нь Эмэгтэйчүүдэд эдийн засгийн нөөц баялгаас адил тэгш олгох эрх, тухайлбал газар өмчлөх, санхүүгийн үйлчилгээ, өв залгамжлах эрх болон бусад хэлбэрээр эрхээ хянах боломжийг өгөх шинэчлэлийг дэмжих зэрэг бөгөөд одоогийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга хуваарилалт, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж шинээр нэмж тусгасан болно.

2. Мөн Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2016 онд орсон өөрчлөлтөөр зөвхөн УИХ-ын тухай хуулийн заалтад эмэгтэйчүүдийн квотыг тусгаж өгсөн бөгөөд орон нутгийн хурлын сонгуульд квотыг тусгаагүй байсан билээ. Иймээс Миний бие өөрийн албан бланкаар ажлын хэсэгт уг асуудлыг тавьж УИХ-ын сонгуультай адил тэгш байхаар саналаа оруулсан билээ. Цаашид ч тусгах талаар анхааран ажиллах болно.

3. УИХ-аар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 онд баталж 2019 оны 1 сараас эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд Тухайлбал салбарын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад мэргэжлийн салбартаа хэлтэс, газрын даргаар нийтдээ 15 жил ажилласан хүнийг томилно гэж заасан нь бүх шатны засаглалд мерит зарчмыг баримталж, тогтвортой, чадвартай ажиллаж буй эмэгтэйчүүдийг томилох боломж нээгдэж байна.

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 193557 албан хаагч үүнээс 3403 /1.8%/  нь төрийн улс төрийн, 19034 /9.8%/ нь төрийн захиргааны, 38083 /19.7%/ нь төрийн тусгай, 133037 /68.7%/ нь төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлж байна. Монгол улсын нийт 3,2 сая хүн амд төрийн албан хаагчдын эзлэх 5.98 хувь, нийт төрийн албан хаагчдад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 60,4 хувь байгаа ба сүүлийн 10 жил тогтмол үзүүлэлттэй байна. 

Харин төрийн албан хаагчийн ангилал тус бүрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь харилцан адилгүй байна. Төрийн үйлчилгээ (71.3%), Төрийн захиргаа (59.6%)-ны ангилалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгаа бол улс төрийн (22.8%) болон төрийн тусгай (26.2%) ангилалд бага байна. 21 аймгийн хувьд төрийн албан хаагчдын тоонд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 62-72  хувьтай байгаа бөгөөд хөдөө орон нутагт эмэгтэйчүүдийн жин дарах хувь илүү байгаа бөгөөд энэ нь ихэвчлэн төрийн үйлчилгээ болон захиргааны ангилалд хамааралтай байгаа нь судалгаагаар гарч байгаа билээ. 

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 онд шинэчлэн найруулсанаар өмнөх 2004 оны хуулиар энэхүү хүчирхийллийг захиргааны зөрчлийн хэмжээнд шийддэг байсан бол одоо гэмт хэрэг гэж тодотгож өгсөнөөр дахин давтан үйлдэгддэг энэ гэмт хэргийг таслан зогсоох гарц гаргалгаа болж байгаа ч эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт, шахалт, улс төрийн нөлөөлөл, гадуурхал зэргээр нийгмийн сөрөг хандлагыг таслан зогсоохын тулд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшиндэх оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байгаа билээ.

Гэр бүлийн хөгжлийн асуудал төрийн гол бодлого байх учир эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцсоноор эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамгийн дөхөм, эерэг өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэх мэтээр хууль эрх зүйн шинэчлэлийн талаар яриад байхаар байна, гэхдээ энд хүрээд зогсоё.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, боловсролын түвшин, эрүүл мэнд, бодлогын түвшин дэх эрх мэдэл гэсэн үзүүлэлтээр Дэлхийн эдийн засгийн форумаас тооцож гаргасан 2017 оны жендэрийн тэгш байдлын индексээр Монгол улс дэлхийд 53-рт бичигдэж, бодлогын түвшин дэх эмэгтэйчүүдийн эрх мэдлийн үзүүлэлтээр нэлээд доогуур 107-д орсон байна. Мөн НҮБ-ын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлгийн (UPR) тайлан, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн (CEDAW) тайлан,  нийгэм, соёлын эрхийн талаарх НҮБ-ын тайланд Монгол улс жендэрийн тэгш байдлыг хангах талаар дараах хоёр үзүүлэлтээр дэлхийгээс хоцорч явааг онцолжээ.

Нэгдүгээрт, төр, хувийн хэвшилд шийдвэр гаргах алба хашиж буй эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлж, манлайлах үүрэгтэй болгосоноор тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой илүү эрх тэгш нийгэм бүрдэнэ. Хоёрдугаарт Туслах үүрэг бүхий ажилтай харьцуулахад илүү өндөр, шийдвэр гаргах түвшиний албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд 2012 онд баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг энд дурдахыг хүслээ.

Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад нилээд хүндрэл бэрхшээл оршсоор байна. Хамгийн бэрхшээлтэй асуудалд улс төрийн намууд мөнгө, санхүүгийн нөлөөлөлд автсан, дотоод ардчилал сул,  гишүүдийн оролцоо хангалтгүй, хэвлэл мэдээлэл нээлттэй, ил тод бус байдал орж байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг олон нийтийн хандлага, соѐл, уламжлал хэвээр хадгалагдаж байгааг эмэгтэйчүүдийн ТББ-аас хийсэн судалгааны тоо, баримт харуулж байна.  

Гэхдээ эмэгтэйчүүдийг сонгох талаарх олон нийтийн санал бодол ямар байгаа, юунд анхаарах талаарх олон улсын судалгааны байгууллагаас гаргасан эерэг үр дүн болон өөрчлөлтыг дурдая. Үүнд:

  • Монголын улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш төлөөлөлтэй байхтай санал нийлэх үү гэсэн асуултад бүрэн нийлнэ гэж судалгаанд оролцогчдын 22 хувь, ерөнхийдөө санал нийлнэ гэж үзсэн 32 хувь,
  • Сонгуульт албан тушаалд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил тэгшээр өрсөлдөж чадна гэдэгтэй санал нийлэх үү гэсэн асуултад нийт судалгаанд оролцогчдын 32 хувь нь бүрэн санал нийлнэ, 41 хувь нь ерөнхийдөө санал нийлнэ гэж,
  •  Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангагдахгүй байгаагийн хамгийн гол саад бэрхшээл таны бодлоор аль нь вэ гэсэн асуултад эрчүүд давамгайлсан улс төрийн бүтэц гэдэгт судалгаанд оролцогчдын 35 хувь, эмэгтэйчүүдийг сонгогчид бага дэмждэг гээд 13 хувь, гэр бүл дэх эмэгтэйчүүдийн ажил үүрэг 12 хувь, эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайлал дутмаг гэж 11 хувь, эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөөц бололцоо хязгаарлагдмал 10 хувь,   
  • Дараа дараагийн сонгуульд УИХ-д намуудаас нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хувийг одоогийнхоос өсгөж дор хаяад 30 хувь болгох ёстой гэдгийг хэр дэмждэг вэ гэсэн асуултад бүрэн дэмждэг гэж 26 хувь, ерөнхийдөө дэмждэг гэж 43 хувь нь үзсэн байна.

Амьдрал үргэлж боломж, шинэ сорилт, шалгалтаар дүүрэн байдаг. Үүнд урвахгүй, тасрахгүй, тууштай үнэнч явдаг эрхэм хүмүүс бол эмэгтэйчүүд. Дээрх судалгаагаар эмэгтэй хүн та өөрийгөө хүлээн зөвшөөрч чадвал нийгмийн захиалга, орон зай байна гэдэгт хүндэтгэлтэй хандах цаг нь болсон байна. Эдийн засагт суурилсан хөгжлийн бодлогоос татгалзаж хүний хөгжилд суурилсан хөгжлийн бодлогыг дэвшүүлж туйлдсан байгаа нийгмээ өөрчилж ядарсан байгаа хүн ардаа тэтгэхэд эмэгтэйчүүд нэгдэхэд бид хүчтэй байж чадна гэдэгт итгэдэг.

Нийгэмд өөрчлөлт, шинэчлэлтийг зоригтой хийх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх, улс төрийн болон засаглалын бүх хэлбэрийг жендерийн мэдрэмжтэй болгох, төсвийг ухаалаг болгох, улсын төсвийн нэг төгрөгний төлөвлөлт зарцуулалтад хүртэл тэгш байдлыг хангах, ингэснээр ажилгүйдлийг бууруулж ядуурлаас гарах ТХЗ-д нийцэх, амьдралын чанарыг сайжруулах гээд өнөөдрийн чуулганы үндсэн зорилгод нийцсэн олон санаачлагыг та бүхэнд үлдээе.

Шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог үүргийг нэмэгдүүлэхийн төлөө энд хуран цугларсан эмэгтэйчүүд та бүхэн минь нутаг орныхоо эмэгтэйчүүдээ манлайлан галтай цогтой хийморьтой байж санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөе. 2020 оны шат шатны сонгууль айсуй. Шинэ хуулийн орчинд сонгуульд оролцож, шинэ орон зай та бүхнийг хүлээж, шинэ шинэ боломжуудыг цаг алдалгүй соргогоор мэдэрч, өөрийн амьдран буй нутагтаа шинэ засаглалыг бэхжүүлэх болтугай. Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Үндэсний түвшинд парламентыг бэхжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрд бодлогоор бэлтгэх, дэмжих, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг чиглүүлж ажиллахыг хүсч байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.