Баасанхүү.О 2019.07.01 | News.mn

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардав

Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлуулахыг шаардав

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өргөтгөсөн хурал хийжээ. Зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.

АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэв.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч, албан хүсэлт хүргүүлжээ. Тус хүсэлтэд "Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран сандран хууль зөрчин өргөн мэдүүлж, мордохын хазгай болсон төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, иргэдийн хүсэл зориг, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, уг асуудлаар улс төрийн бүхий л намуудын зөвшилцөлд хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье" гэжээ.