“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” амжилттай өндөрлөлөө
2019.06.28

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” амжилттай өндөрлөлөө

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд боллоо. Чуулганы хүрээнд нийт таван илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сүүлийн илтгэлийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” сэдвээр хийв.

Илтгэлдээ “Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т нийслэлийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэр, үйлчилгээ, оюуны багтаамжтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Азид тэргүүлэх аялал жуулчлалын бүсийг байгуулах замаар орчин үеийн хүчирхэг эдийн засагтай, Монгол үндэсний хэв маяг, дүр төрх бүхий “Ухаалаг нийслэл хот” болгон хөгжүүлэхээр тодорхойлсон. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлнэ, аялал жуулчлалын төв болно, ТХХТ-ийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, урлагийн салбарыг дэмжин, аялал жуулчлалын салбартай уялдуулна, нийслэлийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд ажлууд хийгдээд явж байна. Улаанбаатар хотод чөлөөт бүс байгуулсанаар тухайн бүсэд эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, иргэн, аж ахуйн нэгжийн экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдаа, үйлчилгээний шинэ салбар, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх, тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн байнгын болон түр ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.

Илтгэл тавьсны дараа хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад форумд оролцогчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” гэсэн сэдвийн хүрээнд санал солилцов.

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” чуулганы арга хэмжээ ийнхүү өндөрлөж, оролцогчид илтгэл тус бүрээр санал, шийдлээ нэгтгэж ярилцсан юм.