Н.Цэрэнбат 2019.07.01 | Яамны хэвлэл мэдээллийн алба

БНСУ-ын Байгаль орчны сайд Чо Мюнг Рэй-тэй уулзав

БНСУ-ын Байгаль орчны сайд Чо Мюнг Рэй-тэй уулзав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат энэ оны 6 дугаар сарын  27,28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хоорондын Хамтарсан хорооны IV хуралдааны үеэр тус улсын Байгаль орчны сайд Чо Мюнг Рэй-тэй уулзав.

Сайд нар хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа байгаль орчны салбарын харилцаа жил бүр өргөжин хөгжиж байгааг онцлоод тусгай хамгаалалтай газар нутаг, цаг уур, ойжуулалт, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаагаар зогсохгүй ус, биологийн олон янз байдал, уур амьсгал, ногоон өсөлт зэрэг шинэ агуулга, чиглэлээр тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

БНСУ-ын тал шар шороон шуурга, агаар мандалд хуримтлагдсан тоос тоосонцорын асуудал чухал хэвээр байгааг дурдаад агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх эгнээнд авч үзэх санал тавив.

Энэ үеэр Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх асуудалд онцгойлон дэмжлэг үзүүлж байгаад талархахын зэрэгцээ инноваци, технологийг нэвтрүүлэх, хуваалцах асуудал чухал хэвээр байгааг онцлов.

Монгол Улс, БНСУ-ын  Байгаль орчны яамд хоорондын шинжээчдийн түвшний уулзалтыг 2019 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах, 2020 онд  Сайд нарын түвшний Бодлогын зөвлөлдөх уулзалтыг хийхээр тохиролцов. 2020 онд Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосоны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тул хоёр яамны хамтын ажиллагааг тусгайлан эрчимжүүлэх, өргөжүүлэх асуудлаар санал нэгдэв.