Энхтүвшин.Ө Бат-Эрдэнэ.Б Болорчулуун.Х 2019.07.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

БОХХААБХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

БОХХААБХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолын дагуу ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгүүд 2019 оны 06 дугаар сарын 21, 26, 27, 28, 29, 30-ны өдрүүдэд, Ажлын хэсэг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус хуралдсан. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан гишүүдийн санал, 6 дугаар сарын 19-30-ны хооронд иргэдээс ирүүлсэн саналыг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн 4 дэд хэсэг хэлэлцэн үзэж холбогдох саналуудыг гаргасан.

Тус 4 дэд хэсгээс гарсан санал, томъёоллуудыг Томьёоллын болон Эхийг баригчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгүүд  нэгбүрчлэн нэгтгэн томьёолж Монгол Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авав.

Тухайлбал, А.Сүхбатын тодруулсан “эвсэл” гэдэг үгийн талаарх тодруулгад Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгөв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг нь үндэсний хэмжээний зөвшилцлийн хүрээнд явагдаж буй эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүн асуув.

Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн нийт 70 зүйлээс 4 багц сэдвийн хүрээнд 20 зүйлийг хөндөж буй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин хэллээ.

Энэ удаагийн парламент төслийг боловсруулах чиглэлээр хоёр жил гаруй ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал агуулгын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, тайланг нь үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хуралд гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлсэн. Төсөл санаачлагчдын тайланд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд иргэдээс давхардсан тоогоор 5,5 сая орчим санал ирүүлсэн талаар дурдсан байгааг Ажлын хэсгийн ахлагч онцолсон. Өнөөдрийн хэлэлцэж буй төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс ирүүлсэн саналуудаас шүүж, хамгийн олон удаа хөндөгдсөн, олон саналын давтамжтай гарч ирсэн зүйлүүдийг тусгасан гэдэг тайлбарыг төсөл санаачлагчид хэлж буйг Ө.Энхтүвшин дарга тайлбарлав.

Түүнчлэн төсөл санаачлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтыг шууд удирдлага болон ажилласан болохыг уншиж танилцууллаа. Төслийн талаарх зөвшилцлийг бүх түвшинд явуулж байгаа талаар тэрбээр хэлж байв. 

Төслийн хэлэлцүүлгийн үе шат бүр холбогдох хуулийн зохицуулалтын дагуу үргэлжилж байгаа, Улсын Их Хурал хоёр дахь хэлэлцүүлгээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэх үү, эсвэл ард нийтийн санал асуулга явуулах уу гэдгийг шийднэ хэмээн Ажлын хэсгийн ахлагч хариулт өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцүүлж, шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Х.Болорчулуун Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх дэгийн талаар танилцуулсан.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаагүй тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжив. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.