Энхтүвшин.Ө Бямбацогт.С Нямбаатар.Х Л.Мөнхбаатар Ц.Мөнх-Оргил Л.Болд Б.Баттөмөр 2019.07.03 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ХЗБХ: Гишүүд 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүллээ

ХЗБХ: Гишүүд 33 саналыг бичгээр томъёолж хуралдаан даргалагчид хүргүүллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.03) хуралдаан 10 цаг 10 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар бүрэлдэхүүнд ажиллаж байна. Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх 6 дэд ажлын хэсэг ажиллаж байгааг С.Бямбацогт гишүүн танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” хэмээн заасан байдаг.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 70 зүйлээс 20 зүйлийг, 275 заалтаас 52 заалтыг хөндсөн бөгөөд хуулийн 28.5 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж буйг Ажлын хэсгийн танилцуулгад дурдсан.

Улсын Их Хурлаас төслийг хэлэлцэхийг дэмжих шийдвэр гарсан даруйд Улсын Их Хурлын гишүүд тойргийн сонгогч, иргэддээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох ажлыг зохион байгуулсныг тэрбээр хэллээ. Түүнчлэн бусад нам, байгууллага, мэргэжлийн холбоодоос төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналуудыг 4 дэд хэсэг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг танилцуулав. Мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээр төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн саналуудыг нэгтгэн, хэлэлцэж Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулсан болохыг С.Бямбацогт гишүүн танилцууллаа. 

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 5 саналын томъёолол, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томъёолол, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томъёолол, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 8 саналын томъёоллыг боловсруулжээ. 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, ажлын хэсэг болон төсөл санаачлагч, дэд ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр түүнийхээ үндэслэлийг тайлбарлан 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах эрхтэй. Гишүүн хуралдаанд өөрөө оролцоогүй ч гэсэн гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хуралдааны эхэнд танилцуулав.

Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Улсын дээд шүүхийн талаарх төслийн зүйл заалтын талаар асуулт асууж, төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн, батлах нь зүйтэй гэдэг суурийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд илэрхийлэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг няхуур, нухацтай хэлэлцэх шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Л.Мөнхбаатар нар хэлж байсан. 

Байнгын хорооны хуралдаанд дэд ажлын хэсгийн гишүүд болох Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт нар оролцсон.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний талаарх өнгөрсөн хугацаанд явж ирсэн туршлага, жишээнд үндэслэн олон талын оролцоотой, мэргэжлийн хүнийг шилж сонгодог, хараат бус байдлыг нь хамгаалж чадахуйцаар бүрдүүлэхээр судлаачид, дэд ажлын хэсгээс санал гаргасан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт тайлбарлав.

Орон тооны байх эсэх асуудлыг төсөлд нээлттэй үлдээж байгаа учраас органик хуулиудаараа зохицуулах боломжтой гэлээ. Шүүгчийн хараат бус байдлыг дээшлүүлэх, шүүх засаглалыг бэхжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг чухал зорилго гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан хэлэв. Төсөлд хариуцлага алдсан шүүгчид хариуцлага тооцож чаддаг, гэхдээ хууль ёсны дагуу шударгаар ажил үүргээ гүйцэтгэж буй шүүгчид нөлөөлөхгүй байх тэнцвэрийг хангах үүднээс зохицуулалтыг тусгасан хэмээн тэрбээр тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өгсөн. Сум, дүүргийн Засаг даргыг харъяа иргэд нь сонгодог байхаас бусдаар өөрчлөлт ороогүй гэдгийг хэллээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 15 төрлийн татварыг сум, орон нутагтаа тогтоох эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд үүнийг органик хуулиар зохицуулахаар тусгаж байгаа гэдгийг хэлсэн. Үндсэн хууль хэт тунхагийн шинжтэй байж болдоггүй, нөгөө талдаа бүхнийг хайрцаглаад, нарийвчлан тусгаж болдоггүй онцлогийг хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дарга Х.Нямбаатар хуралдааны дэг буюу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-5, 24.10-ыг уншиж танилцуулав. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Байнгын хорооны гишүүдээс бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төсгөлд нь энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.