С.Чинзориг 2019.07.04 | Зууны мэдээ сонин

“Бидэнд ажлын байр хүрэлцэхгүй байна”

“Бидэнд ажлын байр хүрэлцэхгүй байна”

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх хуралд дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвийн дор 72 илтгэл хэлэлцүүлэх юм. Төлөөлөгчдийн 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байлаа.  III хурал 2015 онд “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор 500 гаруй төлөөлөгчтэйгээр Токио хотод болж байсан билээ.

ХНХЯ-ны сайд С.Чинзоригоор ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах үндэсний хороог өнгөрсөн онд байгуулсан.  Нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлыг хангаж, өндөр ач холбогдол өгч ажилласан юм. Конгрессын үеэр ажиллаж буй 100 гаруй сайн дурын  ажилтныг хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцаж, дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт зохион байгуулжээ. Мөн дэд бүтцийг сайжруулахад анхаарч 136 гудамж, 11900 ам.метр хэвтээ замын тэмдэглээ хийсэн байна.

Хурлаар сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж дохионы хэлээр тайлбарлаж, оролцогчдод орчуулгын төхөөрөмж өгсөн байв. ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох хэрэгтэй. Тэд гэр бүл, хамт олон, найз нөхөдтэй болж байж илүү сайн хөгжинө. Хамт олонтой болох нь хамт олонд түшиглэн хөгжүүлэхийн эхний үе шат юм” гэлээ. Мөн тэрээр “Манай улсын албан байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэт боловч ашиглах боломжгүй огцом, өндөр шат хийдэг. Стандартыг мөрдөж, олон улсын шаардлагад нийцсэн шаттай болох хэрэгтэй” гэдэг асуудлыг хөндлөө.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ МАЛЧИД РҮҮ ЧИГЛЭСЭН АЖИЛ ХИЙЕ

Хамгийн чухал зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт байдаг. Ялангуяа хөгжиж байгаа орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хөдөлмөр эрхлэлтийн эмзэг хэлбэрт хамаарагдаж, тэдний ажлын байрны тогтвортой байдал нь хангалтгүй түвшинд байдаг аж. Манай улсын  Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага нь нийт ажлын байрныхаа дөрөв ба түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах үүрэг хүлээдэг.

Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн 90 гаруй хувь нь 20-оос доош ажиллагчтай учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах боломж хомс байгааг ХНХЯ-ны сайд С.Чинзориг хэлсэн юм.

Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн 90 гаруй хувь нь 20-оос доош ажиллагчтай учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах боломж хомс байгааг ХНХЯ-ны сайд С.Чинзориг хэлсэн юм. Энэ үеэр тэргэнцэртэй иргэн Т.Сумъяа “Би 28 настай. Тулгамдаж байгаа асуудал нь ажлын байрны хүртээмжгүй байдал юм. Нээлттэй ажлын байр зарладаг боловч  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг авдаггүй. Үүнийг шийдвэрлэж өгөөсэй хэмээн хүсч байна. Гадаадын хөгжлийн бэрхшээлтэй иргэд яаж хөгждөг, хэрхэн хамт олонтой болдог туршлагаас суралцаж байна” гэсэн юм. 

Компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэхээсээ илүү чадварлаг ажилтанг авдаг. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авбал ашиг, бүтээмж буурна гэсэн ойлголттой байдаг талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн шинжээч Парисара Лиевкит илтгэлдээ дурьдлаа. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд ирэх онд  4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Хурлаар хэлэлцэж, зайлшгүй шийдвэрлэх ёстой чухал асуудал нь төвөөс алслагдмал хөдөө, мал дээр байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн яаж, хүрч ажиллах вэ, тэднийг хөгжүүлэх, дэмжих ямар боломж байгааг тодорхойлох байв. Энэ талаар Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн төв ТББ-ын тэргүүн Т.Тамжидмаа “Хөдөө орон нутгаас ирсэн хүний хувьд хөдөө байгаа малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яг яаж хүрч ажиллах юм бэ гэдгийг мэдэхийг хүсч байна.

Хот, төв газар байгаа иргэдийг бол ажилтай болгоод хөгжүүлчих юм байна. Харин малчдыг яах вэ. Жишээлбэл  сэтгэцийн өвчтэй хүнтэй малчин айл малдаа явахдаа тэр хүнийг гэртээ уячихаад гардаг. Өөр арга байхгүй. Насаараа шахам гэрийнхээ гадаа уяатай үлдэж байгаа олон хүн миний эргэн тойронд байдаг. Аав ээж нь  нас барчихсан, харах хүнгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөө олон бий. Тэр хүмүүсийг олж хараад тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна” гэж ярилаа. Баянхонгор аймгаас хуралд оролцохоор долоон хүн иржээ.  Тус аймагт 3600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 1900 орчим хүүхэд байдаг аж.

ЯПОНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН БҮР  ХУВИЙН ТУСЛАХТАЙ

Өнөөдрийн хурлаас олон хүн эерэг үр дүн хүлээж байгаа. Олон улсын том хурал учраас бусад улс орны туршлагаас суралцаж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх нь нэн чухал.

Хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт бичигддэг Япон улс хөгжлийн бэрхшээлтэй иргэний туслах, харааны бэрхшээлтэй иргэний хөтөч, хэл ярианы бэрхшээлтэй иргэний дохионы хэлмэрч гэсэн гурван системийг цогцоор дэмжихийг хуулиндаа тусгаж өгсөн байдаг байна.  Хуулийн дагуу татвараар орж ирж байгаа орлогоос эдгээр туслахуудын цалинг өгдөг аж.

Энэ талаар Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих Жайка төслийн мэргэжилтэн, ахлах зөвлөх Чиба Хисао “Энэ цогц хууль нь гэр бүлийн хүнийг нь ч, тухайн иргэнд ч хөдөлмөр эрхлэх боломж олгож байгаа чухал хууль юм. Тэд хувийн туслахаараа дамжуулж нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх, бие даасан шийдвэр гаргах боломжтой болно. Мөн асарч байсан гэр бүлийн хүмүүс нь хөдөлмөрлөх боломжтой болдог” гэж ярьсан юм. Япон улсад халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэж ажилладаг аж.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс халамж хүртээд зүгээр суух  биш  ажил хийж улсдаа хувь нэмэр оруулах ёстой гэж үздэг. Тиймээс өөрийн чаддаг зүйлээрээ хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжийг бүрдүүлж, бие даан амьдрах бололцоог хангахад төр нь бүхий л чадлаа дайчлан ажилладаг юм байна. Энэ удаагийн конгрессээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж болох ажлын байрыг тодорхойлж, сургах чадавхжуулахад анхааран ажиллах юм байна.