УИХ энэ зун АМРАХГҮЙ
2019.07.05

УИХ энэ зун АМРАХГҮЙ

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөлөө. 

Чуулганы хааж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ " Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа" хэмээн онцолсон юм. 

Хэдийгээ УИХ-ын Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилэх юм. Ээлжит бус чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 165 тоот захирамж гарган, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлосон. 

Ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:
  1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон холбогдох хууль тогтоолын төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
  2. “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ажлын тайлан, үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргах шийдвэрийн төслийн тухай;
  3. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлт;
  4. “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  5. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  6. Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  7. Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  8. Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  9. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсыи Их Хурлын тогтоолын төсөл;
  10. Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
  11. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх/;
  12. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
  13. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  14. Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.