“ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2019.07.09

“ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Дотоод хэргийн их сургуулиас санаачлан Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Дотоод хэргийн их сургуулийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 07 дугаар сарын 08-нд зохион байгууллаа.

Хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг болон ОХУ, БНСУ, БНТУ, БНСВУ-ын зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын 90 байгууллагын 250 гаруй эрдэмтэн, судлаач, профессор багш, практик байгууллагын ажилтнууд уригдан оролцов.

Хурлын үйл ажиллагааг нээж ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа Сибирийн хуулийн дээд сургуулийн захирал, цагдаагийн хошууч генерал И.А.Медведев, Оросын Холбооны Улсын ДХЯ-ны харьяа Уралын хуулийн дээд сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Павленков Роман Васильевич, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын аюулгүй байдлын академийн захирал, доктор,  дэд профессор, хошууч генерал Ли Ван Тан, Бүгд Найрамдах Солонгос Улсын Чангшин их сургуулийн захирал, доктор Кан Жун Мук нар үг хэлж, хурлын ажиллагаанд амжилт хүслээ.

Дотоод хэргийн их сургууль нь 2012 оноос эхлэн ес дэх удаагаа тодорхой тулгамдсан сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн хурал нь Их сургуулийн түүхт 85 жилийн ойг угтан зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Дотоод хэргийн их сургуулийн 85 жилийн түүхэн замнал, ололт амжилт”, “Дотоод хэргийн их сургуулийн хөгжлийн өнөөгийн байдал, бодлого, стратеги,” “Дотоод хэргийн их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн сэдвийн хүрээнд 3 салбар хуралдаантайгаар зохион явуулж, 85 жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэхэд олсон амжилтаа бататгаж, алдсанаа давтахгүйгээр цаашдын хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлох, гадаад, дотоодын ижил төстэй сургуулиудын туршлагаас суралцах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг эрдэмтэн судлаачдын оролцоотой хэлэлцэж, шийдвэрлэх гарц, арга замыг тодорхойлоход чиглэгдсэн юм.

Уг хуралд ирүүлсэн эрдэмтэн, судлаачдын илтгэлийг шүүн эмхэтгэж хэвлүүлэн,  хурлын үр дүнд зөвлөмж боловсруулан хэлэлцүүлж, баталлаа.

Мөн хурлын үеэр Их сургуулийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ОХУ-ын Дотоо хэргийн яамны Красноярск хотын Сибирийн хуулийн дээд сургуультай хамтран ажиллах протоколд гарын үсэг зурлаа. Түүнчлэн энэ сарын 10-ны өдөр БНСВУ-ын Ардын аюулгүй байдлын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.