Дэлхийн монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
2019.07.09

Дэлхийн монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулган амжилттай зохион байгуулагдлаа

Төрийн ордноо Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооноос МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Дэлхийн монголчуудын бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар чуулган” зохион байгуулагдлаа.

Чуулга уулзалтын зорилго нь төр, аж ахуй нэгж, иргэний нийгмийн байгууллага, хилийн чанад дахь монгол иргэд болон дэлхийн улс орнуудад амьдарч байгаа Монгол угсаатнуудын олон талт харилцааг өргөжүүлэн, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Мөн Монгол Улсын төр засгийн хөгжлийн хөтөлбөрүүд дэх бодлого, шийдвэр болон тогтвортой хөгжлийн зорилтууд, ногоон эдийн засаг, санхүүгийн салбар, нийгмийн хариуцлагатай хамтын ажиллагаа зэрэг салбаруудад оруулж буй хөрөнгө оруулалтад зориулсан платфромоор хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг Монгол Улстай холбох юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Төр, аж ахуй нэгж, иргэний нийгмийн байгууллага, хилийн чанад дахь монгол иргэд болон дэлхийн улс орнуудад амьдарч байгаа Монгол угсаатнууд хуран цугларч эх орныхоо хөгжлийн чиг хандлагад олон талт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх чухал уулзалт чуулган болсонд баяртай байна. Аливаа улс орны харилцагч талууд бие биенээ дэмжиж хамтын ажиллагаа, хамтын зүтгэл, хамтын ойлголцолыг бий болгох нь хөгжлийнхөө зорилгод хүрэхэд тулах хүч нь болдог билээ хэмээлээ.