2019.07.16

Б.Бат-Эрдэнэ: Алт олборлогч ААН-үүд хувь хүний нэрээр алт тушааж, АМНАТ төлөхгүй өнгөрч байсан

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.07.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. 

Үндсэн хуулийн цэц 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна. 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Н.Чинбат уншиж танилцуулсаны дараа УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгээс асуулт асууя. Өмнө нь алт олбордлосон ААН хувь хүний нэр дээр алтаа тушаагаад АМНАТ-ын төлбөрийг төлөхгүй өнгөрдөг байсан. Хичнээн төгрөгийн татвараас зайлсхийсэн талаар тооцоо байна уу? Ер нь тусгай зөвшөөрөлтэй ААН бус алт олборлож байгаа этгээд бүр АМНАТ төлөхөөр хуульчилсан. Үүний үр дүн гарч байна уу?"