Б.Баярсайхан 2019.07.17 | Ikon.mn

Б.Баярсайхан: Нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс олон асуудал дагуулдаг

Б.Баярсайхан: Нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс олон асуудал дагуулдаг

2018-2019 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 43,600 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ирж буй хичээлийн жилд 64 цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 26,500 хүүхэд буюу тэдний 50 хувийг сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэх боломжтой болж байгаа юм.

Гэтэл зарим цэцэрлэгийн барилгын ажил удааширч, хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан баг өнөөдөр ажил нь удааширч буй зарим цэцэрлэгийн барилгын талбайд ажиллан, компаниудад ажлаа түргэвчлэхийг үүрэг болголоо.

М.САРАНТУЯА: ХАМРАН СУРГАХ ТОЙРГЫН ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ 90 ОРЧИМ ХУВИЙГ ХАМРУУЛНА

Тус баг эхний удаад Баянгол дүүрэгт баригдаж буй 114 дүгээр цэцэрлэгийн барилга дээр очсон юм. Уг цэцэрлэгийн өргөтгөл нь төлөвлөгөө ёсоор наймдугаар сарын 1-нд ашиглалтад орох байв. Зургаадугаар сарын 7-ны өдөр iKon.mn сайтын сурвалжлах баг энэхүү өргөтгөлийн ажлын явцыг сурвалжлахад төлөвлөгөөт хугацаандаа оруулна гэж байв. Гэвч “Барилгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор цагаан блок авахад хүлээгдэж, хугацаа алдсан. Мөн дулааны холболтыг хэрхэх шийдвэр эцэслэн гараагүй хэвээр байна.

114 дүгээр цэцэрлэгийн дулааны шугам нь хуучных тул муудсан, үндсэн цэцэрлэгийн барилгыг дэмжих насосоор халаадаг. Тийм байхад өргөтгөлийг нэмж холбох нь эрсдэлтэй тул төвийн шугамдаа холбоё гэж байгаа юм. Асуудлыг зохих газруудад нь уламжилсан. Гүйцэтгэлийн хувь 85, өргөтгөлийг наймдугаар сарын 25-нд ашиглалтад өгнө” хэмээн гүйцэтгэгч компани болох “Зөөлөн эхийн сахиус” ХХК-ийн захирал П.Баясгалан хэллээ.

"БСШУСЯ-НЫ АЖИЛТНУУД БҮГД ТАВАН ХЭСЭГТ ХУВААГДАН, ХЯНАЛТЫН ИНЖЕНЕРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА"


БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нэг компани хэд хэдэн тендер авч, хүчээ тарамдуулах, өөрсдөө бага үнээр тендерт оролцон шалгарсны дараа барилгын ажлын явцад нэмэлт санхүүжилт нэхэн удаашруулах явдал гарч байгаад шүүмжлэлтэй байгаагаа барилгуудын талбайд ажиллах үеэр цохон тэмдэглэж байв.

Түүнчлэн тэрбээр "Барилгын компаниуд цэцэрлэг, сургуулийн барилгын гол хэрэглэгч нь хүүхэд гэдгийг мартаад байх шиг. Өнөөдөр нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн хүүхдүүд өөр тийш шилжин суралцах, бусад сургуулийн ачааллыг нэмэгдүүлдэг.

Үүний улмаас багшийн ажлын ачаалал ихсэх, халдварт өвчин тархах гэх мэтээр олон асуудлыг араасаа дагуулдгийг санаж, ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх шаардлагатай байна. Компаниудын ажилд БСШУСЯ-ны ажилтнууд бүгд таван хэсэгт хуваагдан, хяналтын инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа" хэмээж байв.

114 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Сарантуяа “Бага ангийн бүлэгт нэг ангид 25 хүүхэд байх ёстой. Тэгвэл манай цэцэрлэгийн ачаалал их байгаагийн улмаас энэ тоо 45-50 байгаа. Өргөтгөл ашиглалтад орсноор нэг ангид 30-35 хүүхэд суралцах болов уу гэж харж байна. Хамран сургах тойргийнхоо нийт хүүхдийн 90 орчим хувийг хамруулна” гэлээ.

САНТЕХНИКИЙН ГАДНА ШУГАМЫГ ИЖ БҮРЭН СОЛИХОД 300 САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 55 дугаар цэцэрлэгийн 1964 онд ашиглалтад орж байжээ. 100 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан цэцэрлэгийн барилгын насжилт өндөр тул өнгөрсөн онд буулгаж, шинээр барьж эхэлсэн юм. Гэрээнд заасан хугацааны дагуу 2019 оны наймдугаар сарын 1-нд 55 дугаар цэцэрлэгийн шинэ барилга 240 хүүхдийн ортойгоор ашиглалтад орох ёстой ч гадна шугамыг иж бүрэн солих шаардлагатай болсноор дээрх хугацаа хойшилж байна.

"Рендер Бау” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Базаррагчаа "Барилгын ажил графикийн дагуу явагдаж, наймдугаар сарын 1-нд үндсэн барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болж байна. Харин гадны тохижилтын ажил бага зэрэг хойшилно. Учир нь цэцэрлэгийн сантехникийн гадна холболтын шугамууд хуучирч, зэврэн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас шинээр солих хэрэгтэй. Тиймээс шугамыг сольсны дараагаар тохижилт буюу тоглоомын талбай, зөөлөн шалавч зэргийг хийх болно" хэмээсэн юм.

Нийт 48 метр хоолойг солих шаардлагатай бөгөөд үүний тулд 300 сая төгрөгийн санхүүжилтыг БСШУСЯ-наас шийдвэрлэжээ. Ийнхүү 55 дугаар цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжтой болох аж.

Үүний дараагаар албаныхан Баруун салаанд баригдаж буй шинэ цэцэрлэг болон Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн ажлын явцтай танилцсан юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы хэлсэнчлэн барилгын компаниуд хугацаандаа барилгаа ашиглалтад оруулахгүй байх нь хүүхдүүд нэг ангидаа багталцахгүй шахам суух нэг шалтгаан нь болно. Тиймээс бяцхан үрсийг найзуудтайгаа хөгжилдөн тоглох цэцэрлэг, эрдэм номд шамдан суралцах сургуулийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах нь компаниудын хувьд гэрээгээр хүлээсэн үүрэг билээ.

Нэг сургууль, нэг цэцэрлэг гэх даруухан тооны ард хэдэн зуун хүүхдийн сурч боловсрох эрх ашиг бий тул шинэ хичээлийн жил эхлэхээс урьтаж барилгаа ашиглалтад оруулахыг эцэг, эхчүүд хүлээж байна.